Зохиогчийн эрхийн тухай дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ
1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Женев хотноо баталж,
2002 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Хэлэлцэн тохирогч талууд, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг аль болох үр ашигтай, нэгдмэл байдлаар хөгжүүлэн хангахыг хүсч, эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилтэй уялдан гарч буй шинэ асуудлуудыг зохистой шийдвэрлэхийн тулд олон улсын шинэ дүрэм нэвтрүүлж, одоо мөрдөгдөж байгаа тодорхой дүрмийн тайлбарыг тодруулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, утга зохиол, урлагийн бүтээлийг туурвих, хэрэглэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, дэвшлийн онцгой нөлөөг хүлээн зөвшөөрч, зохиогчийн эрхийг хамгаалах нь утга зохиол, урлагийн бүтээлийг туурвих хөшүүрэг болдог чухал ач холбогдлыг онцолж, Бернийн конвенцид тусгагдсанаар зохиогчийн эрх ба өргөн олон нийтийн ашиг сонирхол, ялангуяа боловсрол, судалгаа, мэдээлэл олж авах боломж хоорондын тэнцвэрт байдлыг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрч, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл: Бернийн конвенцтой холбогдох нь
(1) Энэхүү гэрээ нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 20 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд, тэрхүү конвенцийн дагуу байгуулагдсан Холбоонд нэгдсэн орнууд болох хэлэлцэн тохирогч талуудын хувьд тусгай хэлэлцээр болно. Энэхүү гэрээ нь Бернийн конвенцоос өөр аливаа бусад гэрээтэй холбоогүй бөгөөд бусад гэрээгээр хүлээсэн аливаа нэг эрх, үүргийг хөндөхгүй.
(2) Энэхүү гэрээний аль ч заалт хэлэлцэн тохирогч талуудын Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн дагуу бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй.
(3) Цаашид Бернийн конвенц гэж Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 1971 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Парисын актыг ойлгоно.
(4) Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 1-21 дүгээр зүйл болон хавсралтыг мөрдөнө.
2 дугаар зүйл: Зохиогчийн эрхийг хамгаалах хүрээ
Зохиогчийн эрхийн хамгаалалт нь илэрхийлэлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга барил эсхүл тоон ойлголтод/математикийн үзэл баримтлалд хамаарахгүй.
3 дугаар зүйл: Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийг хэрэглэх нь
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээгээр олгосон хамгаалалтын хүрээнд Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэнэ.
4 дүгээр зүйл: Компьютерийн программ/Цахим тооцоолуурын хөтөлбөр
Компьютерийн программыг/цахим тооцоолуурын хөтөлбөрийг Бернийн конвенцийн 2 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд утга зохиолын бүтээлийн нэгэн адил хамгаална. Ийм хамгаалалт нь илэрхийллийн аль ч арга, хэлбэрийг үл харгалзан компьютерийн программд/цахим тооцоолуурын хөтөлбөрт хамаарна.
5 дугаар зүйл: Мэдээллийн эмхтгэл (Мэдээллийн сан)
Агуулгын сонголт, зохиомжийнхоо улмаас оюуны бүтээл болж буй аливаа хэлбэрийн тоон мэдээ эсхүл бусад материалын эмхтгэлийг мөн адил хамгаална. Энэ хамгаалалт нь тоон мэдээ болон материалд өөрт нь хамаарахгүй бөгөөд эмхтгэлд орсон аливаа тоон мэдээ, материалын эх зохиогчийн эрхийг хөндөхгүй.
6 дугаар зүйл: Түгээх эрх
(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид нь бүтээлийнхээ жинхэнэ эх болон хуулбарыг худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.
(2) Энэхүү гэрээний аль ч заалт зохиогчийн зөвшөөрлөөр бүтээлийн жинхэнэ эх болон хуулбарыг анх удаа худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний дараа (1) дэх хэсэгт заасан эрхийг хэрэглэх нөхцлийг тодорхойлох тухай хэлэлцэн тохирогч талуудын эрх чөлөөг хөндөхгүй.
7 дугаар зүйл: Түрээслэх эрх
(1) (i) Компьютерийн программ/цахим тооцоолуурын хөтөлбөр;
(ii) кино урлагийн бүтээл;
(iii) хэлэлцэн тохирогч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу дуу авианы бичлэгээр илэрхийлэгдэх бүтээлийн зохиогч бүтээлийнхээ жинхэнэ эх буюу хуулбарыг олон нийтэд төлбөртэй хөлслүүлэх буюу түрээслэхийг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.
(2) (1) дэх хэсэг хэрэглэгдэхгүй тохиолдлууд:
(i) компьютерийн программын/цахим тооцоолуурын хөтөлбөрийн хувьд, программ нь өөрөө түрээслэх зайлшгүй гол зүйл биш бол;
(ii) кино урлагийн бүтээлийн хувьд, тийнхүү төлбөртэй түрээслэх нь хуулбарлан олшруулах онцгой эрхийг ноцтойгоор хөндөж тэдгээр бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол.
(3) (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэг бүхий хуулбарын хувийг түрээсэлсний төлөө зохиогчид нь зохих үнэ хөлс төлдөг тогтолцоо үйлчилж байсан бөгөөд үйлчилсээр байгаа хэлэлцэн тохирогч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэг бүхий бүтээлийг түрээслэх нь хуулбарлан олшруулах зохиогчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.
8 дугаар зүйл: Олон нийтэд мэдээлэх эрх
Бернийн конвенцийн 11 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 11 bis зүйлийн (1) дэх хэсгийн (i) ба (ii) дэд хэсэг, 11 ter зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 bis зүйлийн (1) дэх хэсгийн заалтыг хөндөхгүйгээр утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид бүтээлээ шугаман болон шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрхийг эдлэх бөгөөд үүнд олон нийтийн төлөөлөгчид дээрх бүтээлтэй өөрсдийн сонгосон газар, цагт танилцаж болох боломжтой байна.
9 дүгээр зүйл: Гэрэл зургийн бүтээлийг хамгаалах хугацаа
Гэрэл зургийн бүтээлийн хувьд, хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.
10 дугаар зүйл: Хязгаарлалт, онцгой тохиолдол
(1) Хэлэлцэн тохирогч талууд үндэсний хууль тогтоомждоо бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд энэхүү гэрээний дагуу утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид олгосон эрхэд хязгаарлалт эсхүл онцгой тохиолдол тогтоож болно.
(2)Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийг хэрэглэхдээ түүгээр тогтоосон эрхийн талаарх хязгаарлалт, онцгой тохиолдлыг бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд хэрэглэнэ.
11 дүгээр зүйл: Технологийн арга хэмжээтэй холбогдох үүрэг
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ болон Бернийн конвенцийн дагуу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зохиогчийн хэрэглэж байгаа бөгөөд бүтээлийнх нь хувьд тухайн зохиогчийн зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөгддөггүй үйлдлийг хязгаарлаж байгаа техникийн үйл ажиллагаанаас зайлсхийхийн тулд эрх зүйн зүй зохистой хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээ авна.
12 дугаар зүйл: Эрхийн удирдлагын мэдээлэлтэй холбогдох үүрэг
(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ буюу Бернийн конвенцоор хамгаалагдсан эрхийг зөрчихөд хүргэх, боломж олгох, туслах, ийм зөрчлийг нуусныг мэдсээр байж, эсхүл иргэний арга хэмжээний хувьд дээрхийг мэдэх бодит үндэслэлтэй байж доорхи аль нэг үйлдлийг санаатайгаар хийж буй аливаа этгээдийн эсрэг хуулийн зүй зохистой, үр ашигтай арга хэмжээ авна:
(i) эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах буюу өөрчлөх;
(ii)эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг устгасан буюу өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ бүтээл болон хувийг нь олон нийтэд түгээх буюу түгээхээр импортлох, нэвтрүүлэх эсхүл мэдээлэх.
(2) Энэ зүйлд заасан “эрхийн удирдлагын талаарх мэдээлэл” гэж бүтээл, бүтээлийн зохиогч, бүтээлийн аливаа эрх эзэмшигчийг тодорхойлж буй мэдээлэл эсхүл бүтээлийг ашиглах нөхцөл, болзлын талаарх мэдээлэл, мөн бүтээлийн хуулбарт тавигдсан бүтээлийг олон нийтэд мэдээлэхтэй холбоотойгоор гарч байгаа тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоо болон код мэдээг хэлнэ.
13 дугаар зүйл: Хэрэглэх хугацаа
Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг энэхүү гэрээнд заасан бүх хамгаалалтад хэрэглэнэ.
14 дүгээр зүйл: Эрхийн хэрэгжилтийн заалт
(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээг хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээг өөрийн хуулийн тогтолцоотой уялдуулан авах үүрэг хүлээнэ.
(2) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээнд заасан эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авахыг зөвшөөрөхүйц эрхээр хангах журмыг өөрийн хууль тогтоомжид тусгах бөгөөд ялангуяа цаашид гарч болох зөрчилөөс урьдчилан сэргийлэх болон цаашид эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг өөрсдийн хууль тогтоомжид тусгана.
15 дугаар зүйл: Ассамблей
(1) (a) Хэлэлцэн тохирогч талууд Ассамблейтай байна.
(b) Хэлэлцэн тохирогч тал тус бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
(с) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон хэлэлцэн тохирогч тал хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа оронд тооцогддог эсхүл зах зээлийн эдийн засагт шилжиж буй орон болох хэлэлцэн тохирогч талын төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулахыг дэмжих зорилгоор Ассамблей санхүүгийн туслалцаа үзүүлэхийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “ДОӨБ” гэнэ)-аас хүсч болно.
(2) (a) Ассамблей энэхүү гэрээг сахих, хөгжүүлэх, хэрэглэх, түүний үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
(b) Ассамблей засгийн газар хоорондын зарим тодорхой байгууллагыг энэхүү гэрээнд элсүүлэх асуудлыг хэлэлцэхдээ 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгээр түүнд ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
(с) Ассамблей энэхүү гэрээг хянаж өөрчлөх зорилгоор аливаа дипломат бага хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргах бөгөөд тийм дипломат бага хуралд бэлтгэхэд шаардлагатай зааварчлагыг ДОӨБ-ын ерөнхий захиралд өгнө.
(3) (a) Хэлэлцэн тохирогч тал болох улс нэг санал өгөх эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс санал өгнө.
(b) Засгийн газар хоорондын байгууллага болох хэлэлцэн тохирогч аливаа тал энэхүү гэрээний тал болох гишүүн улсынхаа тоотой тэнцүү тоогоор гишүүн улсынхаа оронд санал өгч болно. Хэрэв аль нэг гишүүн улс саналын эрхээ өөрөө хэрэгжүүлж байгаа бол засгийн газар хоорондын аль ч байгууллага санал өгөхөд оролцохгүй бөгөөд энэ журам мөн урвуугаар үйлчилнэ.
(4) ДОӨБ-ын ерөнхий захирал хоёр жил тутамд нэг удаа ээлжит Ассамблейн чуулганыг зарлан хуралдуулна.
(5) Ассамблей үйл ажиллагааныхаа журмыг тогтоох бөгөөд үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, чуулганы кворум, мөн энэхүү гэрээний заалтын дагуу төрөл бүрийн асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай олонхын хэмжээг тогтооно.
16 дугаар зүйл: Олон улсын товчоо
ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү гэрээтэй холбогдох захиргааны үүргийг гүйцэтгэнэ.
17 дугаар зүйл: Гэрээнд оролцогч тал болох
(1) ДОӨБ-ын гишүүн аливаа улс энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.
(2) Ассамблей нь энэхүү гэрээгээр зохицуулж буй асуудлын талаар тодорхой эрх мэдэлтэй бөгөөд эдгээр асуудлаар гишүүн бүх улсад нь заавал биелүүлэх өөрийн хууль тогтоомжтой, мөн энэхүү гэрээнд нэгдэн орохыг нь зохих ёсоор дотоод журмынхаа дагуу зөвшөөрч эрх олгогдсон засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
(3) Европын хамтын нийгэмлэг өмнөх хэсэгт заасан мэдэгдлийг энэхүү гэрээг батласан Дипломат бага хурлын үед хийснээр энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.
18 дугаар зүйлГэрээний дагуу эдлэх эрх ба үүрэг
Энэхүү гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол хэлэлцэн тохирогч тал тус бүр энэхүү гэрээгээр олгосон бүх эрхийг эдлэх ба үүргийг хүлээнэ.
19 дүгээр зүйл: Гэрээнд гарын үсэг зурах
Энэхүү гэрээ ДОӨБ-ын гишүүн аливаа улс болон Европын хамтын нийгэмлэг гарын үсэг зурахад 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.
20 дугаар зүйл: Гэрээ хүчин төгөлдөр болох
Энэхүү гэрээ нь гуч дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ДОӨБ-ын ерөнхий захиралд хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
21 дүгээр зүйл: Гэрээнд нэгдэн орох хугацаа
(1) Энэхүү гэрээний заалтыг:
(i) 20 дугаар зүйлд дурдсан гучин улс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж;
(ii) бусад аливаа улс ДОӨБ-ын ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа;
(iii) Европын хамтын нийгэмлэг, хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ энэхүү гэрээ 20 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа хадгалуулсан бол тийнхүү хадгалуулснаас хойш гурван сарын дараа эсхүл тус баримт бичгээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа;
(iv) энэхүү гэрээнд нэгдэж буй засгийн газар хоорондын өөр бусад байгууллага нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа тус тус заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.
22 дугаар зүйл: Тайлбар хийхгүй байх
Энэхүү гэрээнд ямар нэг тайлбар хийхийг хориглоно.
23 дугаар зүйл: Гэрээг цуцлах
Аливаа хэлэлцэн тохирогч тал энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын ерөнхий захиралд өгснөөр цуцалж болно. ДОӨБ-ын ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа гэрээг цуцалсанд тооцно.
24 дүгээр зүйл: Гэрээний хэл
(1) Энэхүү гэрээг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
(2) (1) дэх хэсэгт дурдсанаас бусад хэлээр нийтлэх албан ёсны эх бичвэрийг сонирхогч бүх талтай зөвлөлдсөний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын ерөнхий захирал үйлдэнэ. Энэ хэсгийн зорилгоор “сонирхогч тал” гэж албан ёсны хэл эсхүл албан ёсны хэлнүүдийн аль нэгээр нь хүсэлт гаргасан ДОӨБ-ын гишүүн улс, мөн аль нэг албан ёсны хэлээр нь хүсэлт гаргасан Европын хамтын нийгэмлэг буюу энэхүү гэрээнд нэгдэн орж болох засгийн газар хоорондын аливаа бусад байгууллагыг хэлнэ.
25 дугаар зүйл: Хадгалагч
ДОӨБ-ын ерөнхий захирал энэхүү гэрээний хадгалагч байна.
УТГА ЗОХИОЛ, УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ БЕРНИЙН КОНВЕНЦ
1908 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Берлинд хянан өөрчилж,
1914 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бернд эцэслэж,
1928 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ромд,
1948 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Брюссельд,
1967 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Стокгольмд,
1971 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Парист хянан өөрчилж,
1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар
Тус холбооны гишүүн орнууд,
Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг бололцооны хирээр үр ашигтай, нэгдмэл хэлбэрээр хамгаалах талаар адил байгаад урамшин,
Стокгольм хотноо 1967 онд хуралдсан хянан өөрчлөх бага хурлын ажлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,
Стокгольмын бага хурлаас баталсан актын 1-20 дугаар болон 22- 26 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр тус актыг хянан өөрчлөхөөр шийдвэрлэж,
Yүнтэй холбогдуулан өөрсдийн бүрэн эрхийг зохих журмаар илэрхийлж бүрэн эрхт төлөөлөгчид дор гарын үсэг зуран,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Холбоо байгуулах
Энэхүү конвенцийг хэрэглэж буй орнууд утга зохиол болон урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахад холбоо байгуулна.
2 дугаар зүйл
1. "Утга зохиол ба урлагийн бүтээл"; 2. Хамгаалалтад авахгүй байхаар тогтоож болох нөхцөл; 3. Yүсмэл бүтээл; 4. Албан ёсны эх бичвэр; 5. Эмхтгэл; 6. Хамгаалах үүрэг, хамгаалалтын үр ашиг хүртэгчид; 7. Хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар;
8. Шинэ мэдээ.
(1) "Утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиол; лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл; жүжгийн ба хөгжимт-жүжгийн зохиол; жүжгийн бүтээл болон үггүй жүжиг; үгтэй ба үггүй хөгжмийн бүтээл; кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл; зураг, уран зургийн, уран барилгын, уран баримлын зураасан зургийн болон барын бүтээл; гэрэл зургийн ба түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл; хавсарга урлагийн бүтээл; номын зураг, газрын зураг, төлөвлөгөө; үлгэрчилсэн зураг; газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухаанд холбогдох гурван хэмжээст бүтээл хамаарна.
(2) Гэхдээ бодит хэлбэрээр илэрхийлээгүй аливаа нэгэн утга зохиол, урлагийн бүтээл буюу түүний ямар нэгэн тодорхой хэсгийг хамгаалалтад авахгүй байхаар холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тогтоох эрхээ хадгална.
(3) Утга зохиолын ба урлагийн бүтээлийн орчуулга, найруулга, мөн хөгжмийн зохиолын тохируулсан найруулга болон бусад өөрчлөлт нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.
(4) Хууль тогтоох, захиргааны болон шүүхийн хууль зүйн шинжтэй албан ёсны бичиг баримт, мөн тэдгээрийн албан ёсны орчуулгыг хамгаалах асуудлыг холбооны гишүүн орон нь хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.
(5) Материалыг сонгосон, байрлуулснаараа оюуны бүтээлийн үр дүн болохуйц нэвтэрхий толь, цоморлиг зэрэг утга зохиол болон урлагийн бүтээлийн эмхтгэл тэдгээр эмхтгэлийг бүрдүүлж буй бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.
(6) Энэ зүйлд дурдсан бүтээл нь холбооны гишүүн бүх оронд энэ хамгаалалт зохиогч болон түүний эрх залгамжлагчдад ашигтайгаар хамгаалагдана.
(7) Холбооны гишүүн орон энэхүү конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар ба зургийг хамгаалах хэмжээ хүрээ, нөхцөлийг өөрийн хууль тогтоомждоо заах эрхтэй. Гарлын оронд гагцхүү загвар, зургийн хувиар хамгаалагддаг бүтээлийн талаар холбооны гишүүн бусад оронд загвар, зурагт олгох тусгай хамгаалалтыг шаардаж болох бөгөөд тухайн оронд ийм тусгай хамгаалалт олгодоггүй бол дээрх бүтээлийг урлагийн бүтээлд хамааруулан хамгаална.
(8) Өдрийн шинэ мэдээ буюу сонин хэвлэлийн энгийн сонордуулгын чанартай үйл явдлын мэдээлэл энэхүү конвенцоор хамгаалагдахгүй.
2 bis зүйл
Тодорхой бүтээлийн хамгаалалтыг хязгаарлаж болох тухай:
1.Хэлсэн үг; 2.Лекц, уриалгыг тодорхой байдлаар ашиглах;
3.Ийм бүтээлийн эмхтгэл бэлтгэх эрх
(1) Холбооны гишүүн орон нь төрийн асуудлаар хэлсэн үг, шүүх хурал дээр хэлсэн үгийг 1 дүгээр зүйлд дурдсан хамгаалалтад бүрэн буюу хэсэгчлэн хууль тогтоомжоороо хамааруулахгүй байх эрхийг хадгална.
(2) Түүнчлэн холбооны гишүүн орон нь лекц, уриалга болон олны өмнө хэлсэн иймэрхүү төрлийн бүтээлийг мэдээллийн зориулалтаар сонин хэвлэлд нийтлэх, телевиз, радиогоор нэвтрүүлэх, утсан холбоогоор дамжуулах ба энэхүү конвенцийн 11 bis дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт зааснаар нийтэд сонордуулах нөхцөлийг хууль тогтоомжоор тодорхойлох эрхээ хадгална.
(3) Харин зохиогч нь өмнөх хэсэгт дурдсан өөрийн бүтээлийн эмхтгэлийг бэлтгэж гаргах онцгой эрх эдэлнэ.
3 дугаар зүйл
Хамгаалалт олгох хэмжүүр: 1.Зохиогчийн иргэний харьяалал; бүтээлийг туурвисан газар; 2.Зохиогчийн оршин суугаа газар; 3."Нийтийн хүртээл болсон" бүтээл; 4."Нийтийн хүртээл нэгэн зэрэг болгосон бүтээл
(1) Энэхүү конвенцид заасан хамгаалалтыг:
(a) зохиогч нь холбооны гишүүн аль нэг орны харьяат бол түүний туурвисан бүтээл нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамаарч;
(b) зохиогч нь холбооны гишүүн орны харьяат биш боловч түүний бүтээлийг холбооны гишүүн аль нэгэн оронд анх удаа буюу холбооны гишүүн болон холбооны гишүүн бус оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон тохиолдолд тус тус олгоно.
(2) холбооны гишүүн аль нэг орны харьяат биш боловч дээрх орны аль нэгэнд байнга оршин суудаг тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тухайн орны харьяатын нэгэн адил эрх эдэлнэ.
(3) "Нийтэлсэн бүтээл" гэж зохиогчийн зөвшөөрлөөр, бүтээлийн шинж байдлыг харгалзан нийтийн боломжийн хэрэгцээг хангаж чадахуйц хувиар хувилагдсан бүтээл ямар ч аргаар хувилснаас хамаарахгүй нийтэлсэн бүтээлийг хэлнэ. Жүжгийн, хөгжмийн, хөгжимт-жүжгийн буюу киноны бүтээлийг тоглож үзүүлэх, утга зохиолын бүтээлийг нийтийн өмнө унших, утга зохиол болон урлагийн бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу телевиз, радиогоор нэвтрүүлэх, урлагийн бүтээлийг үзүүлэх, уран барилга барих зэргийг нийтийн хүртээл болгосонд үл тооцно.
(4) Бүтээлийг анх туурвиж гаргаснаас хойш гуч хоногийн дотор хоёр буюу түүнээс илүү оронд нийтийн хүртээл болгосон бол уг бүтээлийг хэд хэдэн оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосонд тооцно.
4 дүгээр зүйл
Кино бүтээл, уран барилгын бүтээл болон уран сайхны тодорхой бүтээлийг хамгаалалтад авах хэмжүүр
3 дугаар зүйлд тусгасан нөхцөлд тохирсон эсэхийг үл харгалзан энэхүү конвенцид тусгасан хамгаалалтыг хэрэгжүүлнэ:
(а) ажлын байр буюу байнга оршин суудаг газар нь холбооны гишүүн орны аль нэгэнд байдаг кино бүтээл туурвигчид;
(b) уран барилгын бүтээл нь холбооны гишүүн аль нэг оронд барьж байгуулагдсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг нь болсон урлагийн өөр бүтээл холбооны гишүүн аль нэг оронд байгаа зохиогчид хамаарна.
5 дугаар зүйл
Эрхийн баталгаа:
1. болон 2. Гарлын орны хилийн гадна;
3. Гарлын оронд; 4. “Гарлын орон"
(1) Энэхүү конвенцийн дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогчид бүтээлийн гарлын орноос гадна холбооны гишүүн орны хууль тогтоомжийн дагуу өөрсдийн харьяатад одоо буюу цаашид эдлүүлэх эрх, түүнчлэн энэхүү конвенцид заасан онцгой эрхийг эдэлнэ.
(2) Ийм эрх эдлэх, хэрэгжүүлэхэд ямар нэгэн албан ёсны үйлдэл хийхийг шаардах ёсгүй бөгөөд бүтээлийн гарлын оронд хамгаалалт байдаг эсэхийг үл харгалзана. Иймд зохиогчийн эрхээ хамгаалах арга хэрэгсэл, хэмжээ хүрээг энэхүү конвенцид тусгасан заалтаас гадна гагцхүү хамгаалалт хүссэн орны хууль тогтоомжоор зохицуулна.
(3) Уг хамгаалалтыг гарлын оронд тухайн орны хууль тогтоомжоор зохицуулна. Энэхүү конвенцийн заалтын дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогч уг бүтээлийн гарлын орны харьяат биш байвч тэр орны харьяат зохиогчдын нэгэн адил эрх эдэлнэ.
(4) Бүтээлийн гарлын орон гэдэг нь:
(а) холбооны гишүүн аль нэг оронд анх нийтийн хүртээл болсон тохиолдолд - тухайн орон; хамгаалалтын хугацааг янз бүрээр тогтоосон холбооны хэд хэдэн оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон бүтээлийн хувьд хууль тогтоомжид хамгаалалтын нь хамгийн богино хугацаа тогтоосон тэр орон;
(b) холбооны гишүүн бус орон болон холбооны гишүүн аль нэг оронд болон холбооны гишүүн бус оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болсон тохиолдолд;
(c) нийтийн хүртээл болгоогүй бүтээл, түүнчлэн холбооны гишүүн бус оронд анх удаа нийтийн хүртээл болгосон бүтээлийг холбооны гишүүн аль нэг оронд нэгэн зэрэг гаргаагүй бол зохиогчийг харъяалах тэр орон:
(i) кино бүтээл туурвигчийн ажлын байр буюу оршин суугаа газар нь холбооны гишүүн аль нэг оронд байвал уг бүтээлийн гарлын орон нь тухайн орон байна;
(ii) зохиогчийн уран барилгын бүтээлийг холбооны гишүүн аль нэг оронд барьсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болсон урлагийн өөр бүтээл нь холбооны гишүүн аль нэг оронд байгаа бол уг бүтээлийн гарлын орон тухайн орон байна.
6 дугаар зүйл
Холбооны гишүүн зарим орны харьяатын тодорхой бүтээлийн
хамгаалалтыг хязгаарлаж болох тухай: 1. Анх удаа нийтийн хүртээл болгосон орон болон бусад орон, 2. Буцаан хэрэглэж үл болох, 3. Мэдэгдэл
(1) Хэрэв холбооны гишүүн бус ямар нэгэн оронд холбооны гишүүн аль нэг орны харьяат зохиогчийн бүтээлийн хамгаалалт хангалтгүй бол холбооны гишүүн тухайн орон нь бүтээлийг анх нийтийн хүртээл болгох үедээ холбооны гишүүн аль нэг оронд байнга байнга оршин суудаггүй өөр орны харьяат зохиогчийн бүтээлд хийх хамгаалалтыг хязгаарлаж болно. Хэрэв бүтээлийг анх нийтийн хүртээл болгосон орон энэ эрхээ хэрэгжүүлсэн бол холбооны гишүүн бусад орон ийм онцгой дэглэм тогтоогдсон бүтээлийн хувьд дээрх орноос илүү хамгаалалт хангах үүрэггүй.
(2) Дээрх хэсэгт дурдсан аль ч хязгаарлалт нь ийм хязгаарлалт тавихаас өмнө холбооны гишүүн аль нэг оронд нийтийн хүртээл болгосон бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөнө.
(3) Энэ зүйлийн дагуу зохиогчийн эрхийг хязгаарлаж, холбооны гишүүн орон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захиралд (цаашид "ерөнхий захирал" гэнэ) энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, хязгаарлалтад хамаарагдах орон, түүнчлэн тухайн орны харьяат зохиогчийн бүтээлд тавих хязгаарлалтыг тодорхойлон дурдана. Ерөнхий захирал энэ мэдэгдлийг холбооны гишүүн бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
6 bis зүйл
Эд хөрөнгийн бус амины эрх: 1.Зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг
шаардах; Бүтээлийг өөрчилсөн буюу эрх зөрчсөн бусад үйлдлийг эсэргүүцэх; 2.Зохиогч нас барсны дараа, 3.Хамгаалах арга
(1) Зохиогч нь зохиогчийн эд хөрөнгийн эрхээс үл шалтгаалан, тэр ч атугай энэхүү эрхээ шилжүүлсэн тохиолдолд ч гэсэн тэрээр бүтээлийнхээ зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардах эрхтэйгээс гадна уг бүтээлийг гуйвуулах, гажуудуулах буюу өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулхуйц бусад аливаа халдлагыг эсэргүүцэх эрхтэй.
(2) Зохиогчийг нас барсны дараа наад зах нь түүний эд хөрөнгийн эрх дуусгавар болох хүртэл дээрх хэсэгт заасан эрх хүчин төгөлдөр байх бөгөөд хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор эрх мэдэл олгогдсон этгээд буюу албан байгууллага уг эрхийг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэхүү конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед аль нэг орны хууль тогтоомжид зохиогчийг нас барсны дараа дээрх хэсэгт заасан бүх эрхийг хамгаалахаар заагаагүй бол тэдгээр эрхийн аль нэг нь хамгаалагдахгүй байхаар тогтоож болно.
(3) Энэхүү зүйлд дурдсан эрх хамгаалах аргыг хамгаалалт хүссэн орны хууль тогтоомжоор зохицуулна.
7 дугаар зүйл
Хамгаалах хугацаа: 1.Нийтлэг зүйл; 2.Кино бүтээлийн хувьд; 3.Нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээл; 4.Гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээл; 5.Хугацаа тооцож эхлэх огноо; 6. Урт хугацаа; 7. Богино хугацаа; 8. Хэрэглэх хууль тогтоомж, хугацаа "харьцуулах"
(1) Зохиогч энэхүү конвенцоор насан турш хамгаалалтад байх бөгөөд түүнийг нас барснаас хойш тавин жил үйлчилнэ.
(2) Харин зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр кино бүтээлийг нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа, хэрэв нийтийн хүртээл болгоогүй бол уг бүтээлийн туурвиснаас хойш тавин жилийн дараа түүнийг хамгаалах хугацаа дуусахаар холбооны гишүүн орон тогтоох эрхтэй.
(3) Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг энэхүү конвенцид зааснаар хамгаалах хугацаа уг бүтээлийг эрх зүйн дагуу нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа дуусгавар болно. Гэвч зохиомол нэр нь тухайн зохиогчийн болох нь эргэлзээгүй бол (1) дэх хэсэгт заасан хугацаагаар хамгаална. Хэрэв нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч дээр дурдсан хугацаанд жинхэнэ нэрээ тайлбал мөн (1) дэх хэсэгт заасан хугацааг хэрэглэнэ. Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч нас барснаас хойш тавин жил өнгөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол холбооны гишүүн орон уг бүтээлийг хамгаалах үүрэггүй.
(4) Урлагийн бүтээлд тооцогдох гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээл хамгаалах хугацааг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй; гэхдээ энэ хугацаа ийм бүтээл туурвиснаас хойш хорин таван жилээс богино байж үл болно.
(5) Зохиогчийг нас барсны дараа бүтээлийг нь хамгаалах хугацаа, түүнчлэн (2), (3), (4) дэх хэсэгт заасан хугацааг зохиогчийн нас барсан буюу дээрх хэсэгт заасан үйл явдал болсны дараахь жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцно.
(6) Холбооны гишүүн орон хамгаалалтын хугацааг дээрх хэсэгт дурдсанаас илүүгээр тогтоох эрхтэй.
(7) Энэхүү конвенцийн Ромын актыг хүлээн зөвшөөрсөн, холбооны гишүүн орны үндэсний хууль тогтоомжид дээрх дэд зүйлд дурдсанаас богино хугацаа заасан бол энэхүү конвенцийг гарын үсэг зурах буюу түүнийг соёрхон батлахдаа дээрх хугацааг хэвээр үлдээх эрхтэй.
(8) Аль ч тохиолдолд дээрх хугацааг хамгаалалт тогтоосон орны хуулиар тодорхойлно. Гэхдээ тухайн орны хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ хугацаа нь уг бүтээлийн гарлын оронд тогтоосноос илүү байж үл болно.
7 bis зүйл
Хамтын бүтээлийг хамгаалах журам
Зохиогчийг нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон тохиолдолд өмнөх зүйлийн заалтыг уг хамтын бүтээлийн хувьд хэрэглэнэ.
8 дугаар зүйл
Орчуулах эрх
Энэхүү конвенцоор хамгаалагдсан утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь жинхэнэ эх бүтээлийн хувьд өөрийн эрх эдлэх бүх хугацааны туршид түүнийг өөрөө орчуулах, орчуулахыг зөвшөөрөх онцгой эрхтэй.
9 дүгээр зүйл
Хуулбарлах эрх: 1.Нийтлэг үндэслэл; 2. Гарч болох онцгой тохиолдол;
3. Дууны болон дүрс бичлэг
(1) Энэхүү конвенцоор хамгаалагдах утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь уг бүтээлийг аливаа хэлбэрээр хуулбарлахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) Ийм бүтээлийг хэвийн ашиглахад хохиролгүйгээр, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироохгүйгээр зарим онцгой тохиолдолд хуулбарлахыг зөвшөөрсөн заалт хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй.
(3) Энэхүү конвенцийн агуулгын үүднээс аливаа дууны ба дүрс бичлэг нь бүтээлийг хуулбарласанд тооцно.
10 дугаар зүйл
Бүтээлийг чөлөөтэй ашиглах тодорхой тохиолдол;
1.Ишлэл; 2.Сургалтад ашиглах тайлбар зураг, эх сурвалж, зохиогчийн нэрийг заах
(1) Хэвлэлийн тоймд сонин, сэтгүүлийн нийтлэлээс хэсэгчлэн ашиглах зэргээр зорилгодоо тохирсон хэмжээгээр уламжлалт заншлыг баримтлан хууль ёсоор нийтийн хүртээл болгосон бүтээлээс ишлэл хийж болно.
(2) Шударга ёсыг баримтлан утга зохиол, урлагийн бүтээлийг зорилгодоо тохирсон хэмжээгээр ном хэвлэл, радио-телевизийн нэвтрүүлэг, дууны бичлэг буюу сургалтын чанартай үзүүлэнд ашиглахыг холбооны гишүүн орны хууль тогтоомж болон тэдний хооронд байгуулсан эсхүл байгуулах тусгай хэлэлцээрээр зөвшөөрч болно.
(3) Өмнөх хэсэгт дурдсанаар бүтээл ашиглахдаа эх сурвалж болон зохиогчийн нэрийг дурдана.
10 bis зүйл
Бүтээлийг чөлөөтэй ашиглаж болох бусад тохиолдол.
1. Эфирт дамжуулсан тодорхой нийтлэл, бүтээл; 2. Цаг үеийн үйл явцад
үзүүлсэн буюу сонордуулсан бүтээл
(1) Эдийн засаг, улс төр болон шашны тулгамдсан асуудлаар сонин, сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, түүнчлэн эфирт дамжуулсан ийм төрлийн бүтээлийн зохиогчийн эрхийг онцлон заагаагүй бол түүнийг сонин хэвлэлд дахин хэвлэх, эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр хуулбарлан ашиглаж нийтийн хүртээл болгохыг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална. Гэхдээ эх сурвалжийг заавал тодорхой дурьдах бөгөөд энэ үүргийг зөрчсөний эрх зүйн үр дагаврыг хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор тодорхойлно.
(2) Түүнчлэн цаг үеийн үйл явдлын явцад үзүүлсэн буюу сонордуулгын чанар агуулсан утга зохиол, урлагийн бүтээлийг мэдээллийн зорилгод тохирох хэмжээгээр гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэх, эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр дахин ашиглаж нийтэд мэдээлэх нөхцөлийг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.
11 дүгээр зүйл
Жүжгийн болон хөгжмийн бүтээлийг ашиглах тодорхой эрх:
1.Нийтийн өмнө тоглох, тоглуулахаар өгөх эрх; 2.Орчуулгын талаар
(1) Жүжгийн, хөгжимт-жүжгийн ба хөгжмийн бүтээлийн зохиогч нь
(i) аливаа арга хэрэгслээр өөрийн бүтээлийг нийтийн өмнө тоглох;
(ii) өөрийн бүтээлийг аливаа арга хэрэгслээр дамжуулан нэвтрүүлж нийтийн хүртээл болгох зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.
(2) Жүжгийн буюу хөгжимт-жүжгийн бүтээлийн зохиогч нь түүнийг бусад хэл рүү орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн хугацаа дуустал мөн ийм эрх эдэлнэ.
11 bis зүйл
Эфирт дамжуулах ба үүнтэй холбогдсон эрх;
1.Эфирт дамжуулах болон утасгүй холбооны бусад арга хэрэгслээр дамжуулах,
эфирт дамжуулсан бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу
эфирт дахин дамжуулах замаар нийтийн хүртээл болгох, эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон ийм төрлийн бусад хэрэгслээр нийтийн хүртээл болгох
2.Албадан олгох лиценз; 3. Бичлэг: богино хугацаанд ашиглах бичлэг
(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид нь дараахь зүйлийг зөвшөөрөх онцгой эрхийг эдэлнэ:
(i) өөрийн бүтээлийг эфирт дамжуулах, буюу тэмдэг, авиа, дүрсийг утасгүй холбоогоор дамжуулах аливаа бусад арга хэрэгслээр нийтийн хүртээл болгох;
(ii) анхны байгууллагаас өөр байгууллага урьд эфирт цацсан бүтээлийг утсан буюу утасгүй холбооны аливаа хэрэгслээр давтан дамжуулж олонд хүртээх;
(iii) эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон тэмдэг, авиа буюу дүрс дамжуулах аливаа бусад хэрэгслийн тусламжтайгаар нийтэд хүртээх.
(2) Дээрх хэсэгт дурьдсан эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг холбооны гишүүн орны хууль тогтоомжоор тодорхойлж болох бөгөөд энэхүү нөхцөл, шаардлага нь гагцхүү тухайн орны хувьд үйлчилнэ. Аль ч тохиолдолд энэхүү нөхцөл нь зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх, түүнчлэн хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд бол зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шударга шагнал авах эрхийг хохироож үл болно.
(3) (1) дэх хэсэгт заасан зөвшөөрөл нь хэрэв өөрөөр тогтоогоогүй бол эфирт дамжуулсан бүтээлийг дууны болон дүрс бичлэгийн хэрэгсэлд буулгаж авах зөвшөөрөл болохгүй. Гэхдээ радиогийн өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрийн хэрэгслээр өөрийн нэвтрүүлэгт зориулан богино хугацаанд ашиглах бичлэг хийх журмыг холбооны гишүүн орны хууль тогтоомжоор ийм бичлэгийг гагцхүү баримтат шинжтэйн хувьд албан ёсны архивт хадгалахыг зөвшөөрч болно.
11 ter зүйл
Утга зохиолын бүтээлийн хувьд эдлэх тодорхой эрх:
1.Нийтийн өмнө унших ба холбооны хэрэгслээр дамжуулан нийтэд хүртээх;
2.Орчуулах
(1) Утга зохиолын бүтээлийг зохиогчид нь:
(i) аливаа арга хэрэгслээр өөрсдийн бүтээлийг нийтийн өмнө унших;
(ii) өөрийн бүтээлийг уншсан нэвтрүүлгийг аливаа арга хэрэгслээр дамжуулж нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрхтэй.
(2) Утга зохиолын бүтээлийг зохиогч нь түүнийг орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн үйлчлэх хугацаа дуусах хүртэл мөн ийм эрх эдэлнэ.
12 дугаар зүйл
Нэг төрөл зүйлээс нөгөөд шилжүүлэх, зохиомжлох болон
бусад нэмэлт, өөрчлөлт оруулах эрх
Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь өөрийн бүтээлд засвар оруулах, тохируулан найруулах болон бусад өөрчлөлт хийхийг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
13 дугаар зүйл
Хөгжмийн бүтээл, түүнд хамаарах эх бичвэрийн бичлэг хийх эрхийг хязгаарлах
боломжийн тухай: 1.Албадан олгох лиценз, 2.Завсрын арга хэмжээ; 3.Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гадаадаас оруулсан хувийг хураах
(1) Холбооны гишүүн орон бүр хөгжмийн бүтээлийн зохиогч, түүнтэй хамт бичлэг хийхийг зөвшөөрсөн аливаа эх бичвэрийн зохиогчдод олгох онцгой эрхийн талаар зохих тайлбар, нөхцөл өөрөө тогтоох, хэрэв байгаа бол ийм эх бичвэрээр хөгжмийн зохиолын бичлэг хийхийг зөвшөөрч болно; гэхдээ ийм тайлбар, нөхцөлийг гагцхүү түүнийг тогтоосон оронд сахин баримтлах бөгөөд хэлэлцээр байгуулаагүй үед зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шагнал авах дээрх зохиогчдын эрхийг зөрчиж хэрхэвч үл болно.
(2) Ром хотноо 1928 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, мөн Брюссельд 1948 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан конвенцийн 13 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу холбооны гишүүн аль нэг оронд бүтээсэн хөгжмийн бүтээлийн бичлэгийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсний дараа тухайн оронд хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж болно.
(3) Энэ зүйлийн (1), (2) дахь хэсэгт заасны дагуу хийсэн бөгөөд түүнийг хууль бус гэж үздэг оронд сонирхогч талын зөвшөөрөлгүйгээр оруулсан бичлэгийг хураан авбал зохино.
14 дүгээр зүйл
Кино найруулга ба түүнд хамаарах эрх: 1.Кино зохиол болгон найруулах ба сэргээн найруулах; тараах; ийнхүү найруулсан буюу хуулбарласан бүтээлийг олны өмнө үзүүлэх ба утсан холбоогоор дамжуулан нийтэд хүртээх; 2.Кино зохиолын найруулгад засвар оруулах; 3.Албадан олгосон лицензийг үл хэрэглэх
(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь:
(i) өөрсдийн бүтээлийг кино болгон найруулах, хуулбарлах, ийнхүү өөрчлөн найруулсан буюу хуулбарласан бүтээлээ тараах;
(ii) өөрчлөн найруулсан буюу хуулбарласан бүтээлээ олны өмнө тоглож үзүүлэх болон утсан холбоогоор дамжуулан нийтийн хүртээл болгохыг тус тус зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) Кино болгон найруулсан утга зохиол, урлагийн бүтээлийг урлагийн бусад аливаа хэлбэрээр өөрчлөн найруулахад кино найруулагчаас гадна жинхэнэ эх бүтээлийн зохиогчийн зөвшөөрөл шаардагдана.
(3) Энэ тохиолдолд 13 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн заалтыг үл хэрэглэнэ.
14 bis зүйл
Кино зургийн бүтээлийн талаарх тусгай заалт: 1.Жинхэнэ эх бүтээлтэй адилтгах; 2.Эрх эзэмшигчид: бүтээл туурвихад хувь нэмэр оруулсан тодорхой хүмүүсийн зарим эрхийг хязгаарлах; 3. Бусад хувь нэмэр оруулагчид
(1) Өөрчлөн найруулах буюу хуулбарлаж болох аливаа бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөн кино зургийн бүтээлийг жинхэнэ эх бүтээлийн нэгэн адил хамгаалбал зохино. Кино зургийн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь өмнөх зүйлд заасан эрхийг оролцуулан жинхэнэ эх бүтээлийн зохиогчийн нэгэн адил эрх эдэлнэ.
(2) (а) Кино зургийн бүтээл, зохиогчийн эрх эзэмшигч этгээдийг хамгаалалт тогтоосон тэр орны хууль тогтоомжоор тодорхойлно.
(b) Харин кино зургийн бүтээлийг туурвихад оролцсон зохиогчдыг уг бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчдийн тоонд оролцуулахаар хууль тогтоомждоо заасан холбооны гишүүн оронд уг бүтээлийг хуулбарлах, тараах, нийтийн өмнө тоглож үзүүлэх, утсан холбоогоор дамжуулж нийтэд хүртээх, эфирт цацах буюу бусад аргаар нийтэд таниулах, түүнчлэн түүний эх бичвэрийг дэлгэцнээ буюу хөрвүүлэх аргаар эсрэг буюу онцгой нөхцөл тогтоосноос бусад тохиолдолд татгалзах эрхгүй.
(c) Дээрх зүйлсийг хэрэглэхдээ түүнд дурьдсан үүргийг хэлэлцээр буюу түүнтэй адил бичмэл акт байгуулах эсэх тухай асуудлыг кино зургийн бүтээл туурвигчийн ажлын байр буюу байнга оршин суух газар байгаа орны хууль тогтоомжоор зохицуулна. Гэхдээ хамгаалалт тогтоосон холбооны гишүүн орон энэхүү үүргийг хэлэлцээр буюу дүйцэхүйц бичмэл актаар тодорхойлон хууль тогтоомжоор заах эрхээ хадгална. Энэ эрхийг хэрэгжүүлсэн орон энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр түүнийг холбооны бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
(d) "Эсрэг буюу онцгой нөхцөл" гэдэг ойлголтод дээр дурсан үүрэгт хамаарах хязгаарлалтын бүх нөхцөл багтана.
(3) Хэрэв үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол кино зохиол туурвигч, киноны хөгжмийг зохиогч, эх бичвэрийг зохиогч, найруулагч нарын хувьд дээрх (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт үл хэрэглэнэ. Хэдийгээр дээр дурдсан (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийг киноны найруулагчид хэрэглэхээр хууль тогтоомждоо заагаагүй бол холбооны гишүүн орон энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр түүнийг холбооны гишүүн бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
14 ter зүйл
Урлагийн бүтээл, жинхэнэ эх бүтээлийг борлуулахад "хувь тогтоож оролцох эрх":
1.Худалдаж борлуулсны орлогоос хувь хүртэх эрх;
2.Хэрэглэх хууль тогтоомж. 3.Журам
(1) Урлагийн жинхэнэ эх бүтээл болон зохиогч, хөгжмийн зохиолчдын гар бичмэлийн жинхэнэ эхийн хувьд зохиогч өөрөө, түүний нас барсны дараа үндэсний хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд буюу байгууллага уг бүтээлийг зохиогч өөрөө шилжүүлэн өгснөөс хойш худалдан борлуулах бүрт хувь хүртэх салшгүй эрх эдэлнэ.
(2) Хэрэв зохиогчийн харъяалах орны хууль тогтоомжоор зөвшөөрсөн бол дээрх хэсэгт заасан хамгаалалтыг холбооны гишүүн аливаа оронд хэрэглэж болох бөгөөд түүний хүрээ хязгаарыг хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор зохицуулна.
(3) Хураамж авах журам болон мөнгөний хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно.
15 дугаар зүйл
Хамгаалах эрхийг дагаж мөрдөхөд хангах эрх:
1.Зохиогчийн нэрийг бичих буюу зохиомол нэр нь эргэлзээ үл төрүүлэх;
2.Кино бүтээлийн хувьд;
3.Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийн хувьд;
4.Зохиогч нь үл мэдэгдэх хэвлэгдээгүй бүтээлийн тодорхой тохиолдолд
(1) Тухайн этгээд энэхүү конвенцоор хамгаалагдсан утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч мөн эсэхийг тогтоож, үүний үндсэн дээр зохиогчийн эрхийн аливаа зөрчлийг холбооны гишүүн оронд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхийн тулд уг зохиогчийн нэрийг тухайн бүтээл дээр ердийн журмаар бичиж хэвлэсэн байвал хангалттай. Зохиогчийн сонгосон зохиомол нэр нь түүний талаар ямар ч эргэлзээ төрүүлэхгүй тохиолдолд энэхүү хэсгийн заалтыг хэрэглэж болно.
(2) Yүний эсрэг нотолгоо байхгүй бол кино зохиол дээр ердийн байдлаар нэр нь бичиж тэмдэглэгдсэн хувь хүн, хуулийн этгээдийг уг бүтээл туурвигчид тооцно.
(3) Дээрх (1) дэх хэсэгт зааснаас бусад нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээл дээр заасан хэвлэн нийтлэгч, хэрэв өөр эсрэг нотолгоо байхгүй бол, зохиогчийн эрхийг хамгаалж, түүний хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. Зохиогч жинхэнэ нэрээ илчилж уг бүтээлийн зохиогчийн эрхээ мэдэгдсэн үед тухайн хэсгийн заалт дуусгавар болно.
(4) (a) Хэвлэгдэж гараагүй бүтээлийн зохиогч нь үл мэдэгдэх боловч тэрээр холбооны гишүүн аль нэг оронд харьяат гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол энэхүү орны хууль тогтоомжоор уг зохиогчийг төлөөлөн түүний эрхийг хамгаалж, холбооны гишүүн оронд эрхийн хэрэгжилтийг хангах эрх мэдэл бүхий байгууллагыг тохоон томилж болно.
(b) Энэ заалтын дагуу ийм байгууллага тохоон томилсон холбооны гишүүн орон нь энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, уг байгууллагын тухай бүрэн тодорхой танилцуулна. ерөнхий захирал үүнийг холбоонд орсон бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
16 дугаар зүйл
Хууль бусаар хуулбарлаж тараасан бүтээл:
1.Хураах;
2.Хилээр оруулахад хураах;
3.Хэрэглэх хууль тогтоомж
(1) Бүтээлийг эрх зүйн хамгаалалтад авсан холбооны гишүүн аль ч оронд хууль бусаар хуулбарлан тараасан уг бүтээлийн хувийг хураан авбал зохино.
(2) Түүнчлэн өмнөх хэсгийн заалт нь аливаа бүтээлийг хамгаалалтад аваагүй буюу хамгаалалтын хугацаа дууссан оронд хуулбарласан хувиудад нэгэн адил хамаарна.
(3) Хураах ажиллагааг орон бүрийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
17 дугаар зүйл
Бүтээлийг тараах, тоглох, үзүүлэхэд хяналт тавих боломж
Энэхүү конвенцийн дагуу эрх бүхий байгууллага уг эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бол аливаа бүтээлийг тараах, тоглох, үзүүлэхэд хууль тогтоомжоор буюу журмаар хяналт тавих, эсхүл хориглоход холбооны гишүүн аль ч орны засгийн газрын эрхийг ямар нэгэн байдлаар хөндөхгүй.
18 дугаар зүйл
Конвенцийг хүчин төгөлдөр болох үед түүнд хамаарах бүтээл:
1.Гарлын оронд хамгаалах хугацаа дуусаагүй бүтээлийг хамгаалах;
2.Хамгаалалт тогтоосон орны хамгаалах хугацаа дууссан бүтээлийг хамгаалахгүй байх;
3.Эдгээр зарчмыг хэрэглэх;
4.Тусгай тохиолдол
(1) Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болох үед гарлын орны хамгаалалтын хугацаа дуусаагүйн улмаас нийтийн хүртээл болоогүй байсан бүх бүтээлийн талаар энэхүү конвенцийн заалтыг хэрэглэнэ.
(2) Хэрэв ямар нэгэн бүтээлийн өмнөх хамгаалалтын хугацаа дуусаж хамгаалалт тогтоосон оронд нийтийн хүртээл болсон бол түүнийг тухайн оронд дахин хамгаалалтад авахгүй.
(3) Дээр дурдсан зарчмыг холбооны гишүүн орны хооронд энэ зорилгоор байгуулсан буюу байгуулах хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлнэ. Ийм хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд зохих орон бүр уг зарчмыг хэрэглэх нөхцөлийг тус тусдаа тогтооно.
(4) Холбооны гишүүн аль нэг орон шинээр элссэн, түүнчлэн 7 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын хүрээ өргөжсөн болон тайлбараасаа татгалзсан тохиолдолд дээрх заалтыг нэгэн адил хэрэглэнэ.
19 дүгээр зүйл
Конвенцид зааснаас илүү өргөн хамгаалалт
Холбооны гишүүн аль нэг орон илүү өргөн хүрээтэй хамгаалалтыг хууль тогтоомжоороо тогтооход энэхүү конвенцийн заалт саад болохгүй.
20 дугаар зүйл
Холбооны гишүүн орны хооронд байгуулах тусгай хэлэлцээр
Холбооны гишүүн орны засгийн газар энэхүү конвенцид тусгаснаас илүү өргөн хүрээтэй эрх зохиогчдод олгох буюу энэхүү конвенцид үл харшлах бусад заалт агуулсан тусгай хэлэлцээр хоорондоо байгуулах эрхээ хадгалан үлдэнэ. Эдгээр шаардлагыг хангаж байгуулсан хүчин төгөлдөр хэлэлцээрийн заалтыг биелүүлбэл зохино.
21 дүгээр зүйл
Хөгжиж буй оронд хамаарах тусгай заалт:
1.Нэмэлт бүлгийг иш татах;
2. Нэмэлт бүлэг энэхүү конвенцийн нэгэн хэсэг
(1) Хөгжиж буй оронд хамаарах тусгай заалтыг нэмэлт бүлэгт тусгасан болно.
(2) Энэхүү конвенцийн 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт зааснаар нэмэлт нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг болно.
22 дугаар зүйл
Ассамблей:
1. Ассамблейг байгуулах, түүний бүрэлдэхүүн; 2.Зорилт;
3.Кворум, санал хураалт, ажиглагчид;
4.Зарлан хуралдуулах; 5.Ажиллагааны журам
(1) (ай) Холбоо нь 22-26 дугаар зүйлийг дагаж мөрдөх холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.
(b) Орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.
(c) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(2) (a) Ассамблей нь:
(i) холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ;
(ii) Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) байгуулах тухай конвенцид заасан Оюуны өмчийн олон улсын товчоонд (цаашид “олон улсын товчоо” гэнэ) хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлын талаар чиглэл өгөх бөгөөд ингэхдээ 22-26 дугаар зүйлийг заавал дагаж мөрдөхгүй холбооны гишүүн орнуудын саналд зохих анхаарал тавина;
(iii) байгууллагын ерөнхий захирлаас холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;
(iv) Ассамблейн гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно;
(v) гүйцэтгэх хорооны тайлан болон үйл ажиллагааг хянаж баталж, түүнд чиглэл өгнө;
(vi) холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална;
(vii) холбооны санхүүгийн дотоод журмыг батална;
(viii) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэх шинжээчдийн хороо, ажлын хэсэг байгуулна;
(ix) холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагыг түүний чуулганд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
(x) 22-26 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлтийг батална;
(xi) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа шаардлагатай бусад арга хэмжээ авна;
(xii) энэхүү конвенцийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;
(xiii) Ассамблей өөрөө зөвшөөрсөн нөхцөлд байгууллага байгуулах тухай конвенцоор тогтоосон эрхийг хэрэгжүүлнэ.
(b) Түүнчлэн Ассамблей нь байгууллагын зохицуулах хорооны саналыг сонсоод байгууллага захиргааны үүргийг гүйцэтгэдэг бусад холбооны сонирхсон асуудлаар шийдвэр гаргана;
(3) (a) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.
(c) (b) дэд хэсгийг үл харгалзан аль нэг чуулганд Ассамблейн нийт гишүүн орны тэн хагасаас бага боловч гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийг гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулганд хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно.
(d) 26 дугаар зүйлийн (2) дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана.
(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
(f) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
(g) Ассамблейн гишүүн бус холбооны гишүүн орны төлөөлөгчдийг түүний чуулганд ажиглагчаар оролцуулна;
(4) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.
(b) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны буюу Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хусэлтийн дагуу онцгой чуулганыг зарлан хуралдуулна.
(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.
23 дугаар зүйл
Гүйцэтгэх хороо:
1. Байгуулах; 2. Бүрэлдэхүүн;
3.Гишүүдийн тоо; 4.Газар зүйн байршил; тусгай хэлэлцээр;
5.Улиран сонгох хугацаа, хязгаар, сонгуулийн дүрэм;
6.Зорилт, 7.Зарлан хуралдуулах;
8.Кворум, санал хураах;
9.Ажиглагчид; 10.Ажиллагааны журам
(1) Ассамблей гүйцэтгэх хороотой байна.
(2) (a) Гүйцэтгэх хороо нь Ассамблей Ассамблейн гишүүн орнуудаас сонгосон орнуудаас бүрдэнэ. Байгууллагын төв байр нутаг дэвсгэр дээр нь байрладаг орон 25 дугаар зүйлийн (7) дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу гүйцэтгэх хороонд нэг суудалтай байна.
(b) Гүйцэтгэх хорооны гишүүн орны засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
(c) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(3) Гүйцэтгэх хорооны гишүүн орны тоо нь Ассамблейн гишүүн нийт орны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Эзэлбэл зохих суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваасны дараахь үлдэгдлийг тооцоонд авахгүй.
(4) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо Ассамблей газар зүйн шударга хуваарилалт болон холбоотой байгуулсан тусгай хэлэлцээрт оролцогч орнууд гүйцэтгэх хороог бүрдүүлж буй орнуудын тоонд багтах шаардлагад зохих анхаарлыг хандуулна.
(5) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн бүр түүнийг сонгосон Ассамблейн чуулган хааснаас хойш Ассамблейн дараагийн ээлжит чуулган хаах хүртэл үүргээ хэрэгжүүлнэ.
(b) Гүйцэтгэх хорооны гишүүд дахин сонгогдож болох бөгөөд гэхдээ тоо нь уг бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.
(c) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, дахин сон