Монгол улсад байнгын тулгамдаж, шийдэл хайж байдаг асуудлуудыг нэг нь оюуны өмч, зохиогчийн эрхийг “хулгайн” асуудал билээ. Өргөн нэвтрүүлгийн бизнес эрхэлж байгаа Юнивишн, ДДэш ТВ, Гэр контент групп, Монгол ТВ, Блүмсбюри Пикчерс, SPS суваг зэрэг компаниуд 2017 онд нэгдэж, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ТТБ-ыг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Бид Монгол улсад оюуны өмчийн үнэлэмж чанарыг дээшлүүлэх, өргөн нэвтрүүлгийн болон цахим орчинд видео контентийн хулгай, хууль бус дамжуулалт, түгээлтийн эсрэг тэмцэх, үүсгэн байгуулагчид болон гишүүдийнхээ оюуны өмчийн эрхийг хамгаалах, тэдгээрийн эрхийг нь зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилго тавин ажиллаж байна. Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг угтан “Монголын Оюуны өмч хамгаалах холбоо” ТББ-ын санаачлагаар тус холбооны гишүүн байгууллагууд болон “Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Харилцаа холбооны зохицуулах хороо”, “Монгол кино, дэлгэцийн бүтээлийг хамгаалах холбоо”, “Монголын кино урлагийн зөвлөл” зэрэг байгууллагууд хамтран “Тархиндаа гэрэл асаая” аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд оюуны өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлууд, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, зөрчлийг бууруулахад аянд нэгдсэн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн болон цахим орчинд оюуны өмчийн зөрчлийг үүсгэж буй хэрэглээний дадлыг өөрчлөх, оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлэхэд чиглэсэн телевизийн цуврал нэвтрүүлгүүд, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн богино хэмжээний шторкнууд хийгдэж байгаагаас гадна сошиал медиагаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой фэйсбүүк хуудас идэвхитэй ажиллаж байна.
Түүнчлэн, 4 дүгээр сард хоёр удаагийн форум зохион байгуулагдана. Жил бүр зохион байгуулдаг Монголын телевизүүдийн форумаар /MTF/ телевизүүд өөрсдийн контентийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа ярилцана. Харин Дэлхийн оюуны өмчийн өдрөөр буюу 4 сарын 26-нд ОӨУБЕГ-аас Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах форумаар оюуны өмчийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, оюуны өмч, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар олон нийт, оюуны өмч бүтээгчид чуулж хэлэлцэнэ.
Бид “ТАРХИНДАА ГЭРЭЛ АСААЯ” аянаараа оюуны өмчийн хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийг мөрдөж, оюуны өмчийг дээдлэн ажиллахыг, оюун санаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шингэсэн бусдын бүтээлийг хүндэтгэх, шударга өрсөлдөх бизнесийн ёс зүйг эрхэмлэхийг медиа зах зээлд бизнес эрхлэгчдэд уриалж байна.
Мөн нийт иргэддээ, залуу үеийнхэндээ оюуны өмчийн зөрчлийг үүсгэж буй хэрэглээний дадлаа өөрчлөх, оюуны өмчийн соёлд суралцахыг уриалж байна.
ТАРХИНДАА ГЭРЭЛ АСААЖ, ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭЕ!
Эх сурвалж: Mонголын Оюуны өмч хамгаалах холбоо /MIPPA/