Монгол эмчийн оюуны бүтээл дэлхийн шилдгээр шалгарчээ

 

                    

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.

Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээсэн бөгөөд түүний энэхүү бүтээлийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна.Тэрээр 20 гаруй ерөнхий мэс засал ба дурангийн мэс заслын багажуудыг шинээр бүтээж, сайжруулан өөрчилжээ. Тухайлбал,  дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх багаж, цөсний хүүдийн чулууг авах багаж, олон чулуутай цөсний хүүдийн чулууг авах багаж зэргийг зохион бүтээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм.Шагналыг Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар гардуулан өгсөн байна.

 

Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

2018.01.31