Оюуны өмчийн бүтээлийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 

                            

Монголын Оюуны өмч хамгаалах холбоо болон Монгол кино, дэлгэцийн бүтээлийг хамгаалах холбоод хамтран 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь хоёр талын хооронд зохион байгуулах үйл ажиллагааны суурь барим  т бичиг болох бөгөөд агуулгын хувьд Монгол улсад оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эрхзүйн орчин нөхцлийг сайжруулах, үр дүнтэй тогтолцоог бий болгох, зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэхэд чиглэгдсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, туршлага солилцох, мөн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх зорилго дор нэгдэж байгаагаа МОӨХХ-ны гүйцэтгэх захирал У.Тамир, МКДБХХ-ны тэргүүн УГЗ Д.Сумхүү нар илэрхийлсэн юм.

Тус холбоодын тухай товч дурьдвал,  “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ГҮТББ нь өргөн нэвтрүүлгийн телевиз болон IPTV-н чиглэлээр видео контентын бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл, санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевизийн эфирт өдөр бүр мониторинг хийж, гишүүдийнхээ эрхтэй авсан контентийн хулгай, зөрчилд холбогдох хууль тогтоомж, гэрээ эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Харин “Монгол кино, дэлгэцийн бүтээлийг хамгаалах холбоо”-ны хувьд Монголынхоо кино зохиогчид, уран бүтээлчдийг нэгтгэсэн хамтын удирдлагын байгууллага бөгөөд өөрсдийн уран бүтээлийг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр олонд түгээж, оюуны өмч, зохиогчийн эрх зөрчиж байгаа байгууллага болоод хувь хүмүүстэй уран бүтээлчдийнхээ өмнөөс хариуцлага тооцож, оюуны өмчийн зөрчлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа идэвхитэй явуулж эхлээд байгаа юм.

Ийнхүү чиг зорилго нэгтэй дээрх холбоод хамтран оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, гадаадын контент нийлүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн  ажлуудыг 2018 онд хийхээр төлөвлөж байгаа аж.