В.Ганзориг: Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо хэзээ байгуулагдсан вэ? Одоо ямар ажлууд хийж байгаа бол?
У.Тамир: Медиа салбарт оюуны өмчийг дээдлэе гэдэг санаачилга гарган ажиллаж буй Юнивишн, Монгол HD телевизийг та бүхэн яриандаа дурдлаа. Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо медиа салбарт ажиллаж буй байгууллагуудын санал санаачилгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар телевизүүдээс гадна IPTV-ийн хоёр компани, контент үйлдвэрлэгчид гээд найман гишүүнтэй. Бидний гол зорилго өргөн нэвтрүүлгийн салбарыг зохиогчийн эрхийн зөрчилгүй болгох.
Сүүлийн долоо, найман жилд тодорхой ахиц гарч байгаа хэдий ч манай гишүүн байгууллагуудын өөрсдийнх нь контентийн эрхийг хамгаалах, Холливүүдийн студиудээс IPTV-үүдийн худалдан авсан киног бусад телевиз хулгайгаар гаргах зөрчил бүрэн арилаагүй. Бид Монголын бүх телевизүүдийн эфирт хяналт, монитор хийдэг. Ялангуяа манай гишүүн байгууллагуудын албан ёсоор худалдаж авсан контентийг хулгайгаар гаргаж байгаа эсэхийг бид сүүлийн есөн сарын турш өдөр бүр хянаж байгаа.
Энэ хяналтын ажиллагааны үр дүнд дүгнэлт хийж, арга хэмжээ авдаг. Оюуны өмч зөрчсөн газруудад бид эхлээд сануулга өгч, өрсөлдөөнд зөв оролцон бусдыгаа хүндлэхийг уриалдаг. Энэ захидал авсан газруудын ихэнх нь зөрчлөө зогсоодог. Гэхдээ хэн нэгэн хүн хэлэхгүй л бол гурав, дөрвөн сарын дараа зөрчлөө давтаад эхлэдэг. Иймэрхүү зөрчил гаргадаг телевизүүдийн тоо гарын 10 хуруу дотор багтдаг болсон.
Бид оюуны өмчийн нэлээд сайн хуультай. Зөрчлийн тухай хуулиар ч тэр торгууль тавихаас гадна үйл ажиллагааг нь зогсоох боломжтой. Гэхдээ энэ бүхэн амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Зөрчил гаргасан байгууллагуудын мэдээллийг бид Оюуны өмчийн газарт дамжуулдаг. Улсын байцаагчид арга хэмжээ авах бүх эрх нь бий. Гадаад киноны зөрчлийг шийдэхэд асуудал үүсдэг. Та хэд энэ киноны эзэмшигч биш тул иймэрхүү гомдол гаргах эрхгүй гэдэг санаа хуулийн хэрэгжилт дээр яваад байдаг. Энэ санаагаар оюуны өмчийн эзэмшигч нь биш болохоор хохирогч биш болох гээд байдаг. Өндөр үнээр гаднаас кино худалдан авсан байгууллагууд яг иймэрхүү асуудалтай тулаад хуулийн хүрээнд гацаад байх шиг байгаа юм.
С.Цогтбаяр: Эзэмшигч гэдэг статус байж болно. Учир нь тухайн контентийг тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж аваад бусдад түгээх эрх авдаг. Юнивишн, Скаймедиа Холливүүдийн компаниудаас ингэж л авч байгаа биз дээ?
У.Тамир: Оюуны өмчийн гэрээний төрлүүдээс хамаардаг. Том продакшнуудаас өргөн нэвтрүүлгийн телевизийн эфирээр гаргах, эсвэл digital right буюу IPTV-ийн видео санд тавих эрхийг голцуу манайхан худалдаж авдаг. Энэ нь контент худалдаж аваад цаашаа олон нийтэд түгээх эрх. Гэтэл контент эзэмшигчийн хувьд тэр киног нь хулгайгаар Монголд гаргасан нөхцөлд хэн энэ хэргийн араас хөөцөлдөж явах тухай эрх нь орхигдсон байдаг. Энэ эрхийг тухайн студиуд өөр тусдаа компаниудад өгдөг. Жишээ нь, сая дурдсан кэйс гарвал тухайн студийн Монголыг хариуцсан компани энд зарга үүсгээд явах ёстой. Манай холбоонд энэ эрх нь байдаггүй учраас тэдний өмнөөс оюуны өмчийг нь хамгаалан итгэмжлэгдсэн төлөөлөгч байдлаар ажиллах боломжгүй болдог.
Хулгайгаар гарч буй контентийг бид Оюуны өмчийн газарт мэдээлж, студитай нь харьцаж баталгаажуулдаг. Манай гишүүн байгууллага энэ контентийг танайхаас худалдаж авсан. Харин энд гаргаж буй телевиз танайтай гэрээ хийсэн юм уу гэдгийг нь бид продакшн, студиэс нь давхар лавладаг. Ийм эрх, зөвшөөрөл аваагүй гэсэн хариу ирмэгц, энэ тухай албан захидлыг гадны студиуд зөрчил гаргасан телевизүүд рүү өөрсдөө шууд явуулдаг. Харамсалтай нь энэ и мэйлээр голцуу ирдэг албан захидалд манай зөрчил гаргасан телевизүүд бараг хариу өгдөггүй. Хулгай хийснээ мэддэг ч ингээд л байгаад байдаг нөхцөл бидэнд хүндрэл учруулдаг.