Зохиогчийн эрхийн тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа.
Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах болон соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль олон улсын жишиг, нэгдэн орсон гэрээ, конвенцэд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан юм.
Монгол Улсын оюуны өмчийн олон улсын тогтолцоонд нэгдэн орох явц тасралтгүй үргэлжилж 2015 онд “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээ”-нд нэгдэн орсон. Тус гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улс хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэх, ийм бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжоор бий болгох шаардлага үүссэн. Үүний дагуу Зохиогчийн эрхийн тухай хуульд өмнө нь ерөнхий утгаар буюу хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан заалтыг улам нарийвчлан баталлаа.
Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн нэвтрүүлгийн тухай хууль, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан бөгөөд Оюуны өмчийн тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуульд зарим шинэчлэлийг оруулсан юм.
Зохиогчийн эрхийн салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлт нь технологийн хөгжил дэвшилтэй шууд хамааралтай байдаг. Тухайлбал, технологи хөгжихийн хэрээр бүтээлийн төрөл улам олширч, шинэ нэр томьёо, ойлголтууд бий болж, нөгөө талаас Зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулж, ажиллагааг улам хялбаршуулж байдаг нь энэ хуулийн зохицуулалт цаг үеэ дагаад улам нарийн, боловсронгуй болж байх шаардлагатай байдаг.
Сүүлийн жилүүдэд бусдын туурвисан оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс өсөн нэмэгдэж байна. Нээлтээ хийгээд удаагүй хамгийн сүүлийн үеийн кино, дуу авиа бүхий дүрст бүтээлийг хуулбарлан интернэтэд тавих, телевизээр цацах байдлаар зохиогчийн эрхийг зөрчих явдал өсөн нэмэгдэх болсон. Иймд интернэтээс гадна харилцаа Холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг Зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаар Зохиогчийн эрхийн тухай хуульд оруулсан юм.
Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зах зээл улам хөгжиж байгаа учраас эдгээр бүтээлийн эрх эзэмшихтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.
а. Зохиогчийн эрхэд хамаарах эрх болох уран бүтээлч, фонограм бүтээгч, өргөн Нэвтрүүлгийн байгууллагын эрхийг илүү дэлгэрэнгүй болгох, Компьютерийн програм, мэдээллийн сангийн зохиогчийн эрхийн асуудал, дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиогчийн эрхийн асуудлыг нэмж тусгасан байна.
б. Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус учраас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг өөрчлөх шаардлага бий болсон. Жишээлбэл, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид тодорхой хувийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгасан нь дүрслэх урлагийн уран бүтээлч, мэргэжлийн холбоодын талархалыг хүлээгээд байгаа юм.
в. Газар нутаг, цаг хугацаанаас үл хамааран зохиогчийн эрхийн бүтээлийг харилцаа Холбооны сүлжээгээр ашиглах боломж, техникийн нөхцөл бий болж байгаатай холбоотойгоор бүтээл ашиглах харилцаанд оролцогчид болох зохиогч, эрх эзэмшигч, тоглогч уран бүтээлч, фонограм бүтээгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон суваг дамжуулагч бүрийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох шаардлага байдаг.
г. Технологийн дэвшлийн нөлөөгөөр Номын сангууд хэвлэмэл бүтээлээс гадна бүхий л төрлийн дижитал бүтээлээр номын сангийн танхимд төдийгүй интернэтээр дамжуулж уншигчиддаа үйлчлэх болсон байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд их дээд сургуулийн сурах бичиг, сургалтын материалуудын цахим сан олноор бий болж байгаа нь дээрх хэрэгцээ шаардлагын нэг илэрхийлэл юм. Мөн хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд хэвлэмэл брайл номоос гадна тусгай форматын Номын цахим сан шинээр бий болгон танхимд болон онлайнаар ашиглаж эхэлсэн. Нөгөө талаас хуучны ховор болон ганц хувь үлдсэн номыг хадгалж хамгаалах зорилгоор, хэвлэмэл Номын форматыг харааны бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд зориулан аудио формат руу хөрвүүлэх зорилгоор дижитал хэлбэрт оруулах хэрэгцээ шаардлага нь зохиогчийн эрхийн бэрхшээл, маргааныг дагуулсаар байна. Иймээс Зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эрхтэй холбоотой үзүүлж байгаа номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааг үйлчилгээ тус бүрийн онцлогийг харгалзан тусгайлсан зохицуулалт хийжээ.
д. Түүнчлэн хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хамтын удирдлагын байгууллага хоорондын харилцааг тодорхойлох, уялдаа холбоог хангах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, ингэхдээ хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг зохиогчийн эрх эзэмшигчдэд нөхөн төлүүлэх ажиллагааны хэрэгжилтийг дээшлүүлэхэд анхаарч холбогдох эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан.
Зохиогчийн эрхийн тухай хуульд:
1. Бүтээл, компьютерийн програм, мэдээллийн сан, зохиогчийн эрх эзэмшигч, хамаарах эрх эзэмшигч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон суваг дамжуулагч, дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер, эшлэл, нийтэд дамжуулах, нэгэн зэрэг дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, нийтийн хүртээл болгох, түрээслүүлэх гэх мэт нэр томьёоны тодорхойлолтыг нэмж, зарим нэр томьёог өөрчлөн найруулсан.
2. Шинээр компьютерийн програмын зохиогчийн эрхийн заалтыг оруулж програмыг өөрөө санаачлан зохиосон, эсхүл албан үүргийн дагуу туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг эдлэх субьектыг хуулиар тодорхойлсон.
3. Дуу авиа бүхий дүрст бүтээлийг зохиогчийн эрхийн асуудлыг шинээр зохицуулжээ. Ингэж зохицуулахдаа дуу авиа бүхий дүрст бүтээлийн бүтээл ашиглах онцгой эрхийг хэрхэн эдлэх, дуу авиа бүхий дүрст бүтээл дэх хөгжмийн бүтээлийн ЗОХИОГЧийн эрхийн асуудал, эд хөрөнгийн эрхээ продюссерт шилжүүлсэн дуу ави бүхий дүрст бүтээлийн зохиогчийн төлбөр авах
4. Бүтээл ашиглах онцгой эрхийн зохицуулалтад бүтээлийн эх хувийг худалдах, түрээслэх, өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх замаар нийтэд түгээх эрх, бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрх, өргөн нэвтрүүлгийн байгууллага, харилцаа холбооны бусад сүлжээгээр нийтэд дамжуулах, нэгэн зэрэг дамжуулах, цахим сүлжээний хэрэгслийг ашиглан нийтэд түгээх зэрэг эрхийг шинээр нэмж зохицуулсан. Түүнчлэн дээрх аргуудаар бүтээлийг нийтэд түгээхтэй холбоотойгоор зохиогч нь бүтээлийн ашиглалт бүрээс төлбөр авах, бүтээлийг нийтэд шууд тоглон үзүүлэх, нийтэд түгээх, өргөн нэвтрүүлгийн байгууллага болон интернэтээр дамжуулсны төлөө зохих төлбөр авах эрхийн талаарх зохицуулалтыг тусгажээ.
5. Компьютерийн програмын зохиогч болон мэдээллийн сангийн зохиогчийн эрхийн зохицуулалтыг шинээр нэмж зохицуулна. Мэдээллийн санг үүсгэсэн этгээд эсхүл эрх эзэмшигч нь эрхээ шилжүүлсэн тохиолдолд мэдээллийн сангийн хуулбарыг түгээх эрхээ алдахаар зохицуулснаас гадна мэдээллийн санг ашиглагч этгээдийн эрх, үүргийн талаар зохицуулалтыг тусгасан.
6. Хамаарах эрх эдлэх тоглогч уран бүтээлчийн эрхэд тоглолтондоо бичлэг хийх, тоглолтыг нийтэд түгээх, тоглолтын бичлэгийг түрээслэх эрхийг бичлэг үйлдвэрлэгчид шилжүүлсэн ч гэрээнд өөрөөр заагаагүй бол тоглолтын бичлэг, түүний хуулбарыг түрээсээр ашиглуулснаас зохих төлбөр авах эрх зэргийг зохицуулна. Түүнчлэн уран бүтээлчийн эд хөрөнгийн бус амины эрх болох тоглолтондоо нэрээ дурдуулах, тайзны нэр ашиглах, тоглолтыг нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох эрхийг тусгасан.
7. Фонограм бүтээгч нь фонограмыг хуулбарлах, фонограмыг нийтэд түгээх, хуулбарыг түрээслүүлэх, фонограмыг нийтэд дамжуулах түүнчлэн фонограмыг ашиглуулснаас зохих төлбөр авах эрхийг тусгасан байна.
Зохиогчийн эрхийн тухай хууль хэрэгжиснээр дараах үр дагавар гарах хүлээлттэй байна.
1. Зохиогчийн бүтээлч үйл ажиллагааны илэрхийллийг хамгаалж тэдэнд хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулах, шинээр бүтээл туурвих боломжийг нэмэгдүүлэх, ингэснээр улс орны эдийг засагт хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх болно.
2. Зохиогч, уран бүтээлчдийн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосноор Зохиогчийн эрхэд хамаарах салбар бүрт “хамтын удирдлагын байгууллага”-ыг шинээр бий болгох боломжийг нэмэгдүүлэх ингэснээр бүтээл туурвигчид хуулиар олгосон эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
3. Цахим болон харилцаа холбооны бусад сүлжээний орчинд зохиогчийн эрхийн хамгаалалтыг тогтолцоог боловсронгуй болгосноор цахим болон харилцаа холбооны бусад сүлжээний орчин дахь зохиогчийн эрхийн зөрчил буурах болно.
4. Зарим нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгосноор бүтээл туурвигчдын хооронд маргаантай байдаг олон асуудлыг шийдвэрлэх, ойлголтыг нэг мөр болгсоноор зохиогчийн эрх бүрэн хангагдах боломжтой болно.
5. Өргөн нэвтрүүлгийн байгууллагын эдлэх эрх, хүлээх үүргийг илүү тодорхой болгосноор нэвтрүүлгийг дамжуулах, нэгэн зэрэг дамжуулахтай холбоотой өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон суваг дамжуулагч болон бүтээл туурвигч, эрх эзэмшигчдийн хооронд үүсдэг ойлгоход төвөгтэй асуудлууд зохицуулагдаж, эрхийн хамгаалалт илүү боловсронгуй болох болно.
6. Мэдээллийн сан, компьютерын програмын зохиогчийн эрхийн заалтыг шинээр оруулж өгснөөр мэдээллийн сан, Компьютерын програмыг зохиогч болон ашиглагчийн эрх, үүрэг тодорхой болж зохиогчийн эрхийн хамгаалалт сайжрах болно.
7. Кино урлаг буюу дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиогчийн эрхийн хамгаалалтын заалтыг тусад нь зохицуулж өгснөөр кино урлагийн бүтээлийн эрх эзэмшигчийг тодорхой болгож, бүтээл ашиглах онцгой эрхийг эзэмших тал дээр ямар нэгэн маргаан гарахгүй байх боломжийг бий болгоно.
8. Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүс хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртэх боломжтой болж байна.
Эх сурвалж: VIP76.mn сайтаас