Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй, цахим хэлэлцүүлэгт оролцлоо

Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй, цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид оролцож, хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналуудаа хэлсэн байна.

 Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Тус хугацаанд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд нээлттэй, цахим хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс ирүүлсэн 20 гаруй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн ажлын хэсгийн танилцуулгадаа дурдав. Тухайлбал, зохиогч бүтээлээ бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх; зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх; гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх зэрэг саналуудыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн гэв. Мөн бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх; Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байх; тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтуудын талаар хэлэлцжээ.

Мөн 1993 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө туурвисан болон хамгаалалтын хугацаа нь дуусаагүй бүтээлийн зохиогчийн эрх, тоглолт (дуу авиа бүхий дүрст бичлэгт буулгаснаас бусад), фонограм, өргөн нэвтрүүлгийн хамаарах эрхийг энэ хуулийн дагуу хамгаалах болон зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн обьектын ашиглалттай холбоотой үүссэн харилцаанд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжоор төрийн өмчийн харилцааны асуудал байх тул төслөөс хасах тухай саналыг хэлэлцэн, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан байна.

Дээрхээс гадна төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх, хууль хоорондын уялдааг хангахаар зарчмын зөрүүтэй 28, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх 4 саналыг бэлтгэн томьёолсон болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

 

 

Мэдээллийн эх сурвалж: parliament.mn