МОӨХХолбоо "Монголын телевизүүдийн форум 2017"-д оролцов
"Монголын телевизүүдийн форум 2017" энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
"Тооноос чанарт" уриатайгаар зохиогдож буй энэхүү форумд салбарын шилдэг менежерүүд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчид болон Монголын оюуны өмчийн холбоо хамтран оролцсон юм. Сүүлийн үед Монголын телевизүүдын тоо эрс өссөнтэй холбоотойгоор мэдээ, нэвтрүүлэг, контентын чанар салбарын асуудал болж байгаа билээ. Монголын телевизүүдийг тооноос чанарт шилжүүлэхийн тулд ямар стратеги чухал вэ, цаашид төр болон хувийн хэвшлээс ямар санаачлагатай ажиллах ёстой вэ зэрэг олон чухал асуудлуудыг хөндсөн уулзалт, панел хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд хийгдсэн юм. Хэлэлцүүлэгт "Монгол Контент", "Монгол Масс Медиа", "Медиа Групп", Univision "ТиДиБи Медиа", "МедиаХолдинг" групп, Mongolnews, Монголын оюуны өмч хамгаалах холбоо гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон, өөрсдийн үзэл бодол байр сууриа илэрхийлсэн юм. Жил бүр үйл ажиллагаа, зорилго чиглэлийн хувьд өргөжин тэлж байгаа байгаа уг форумд хэлэлцсэн асуудлуудыг улам боловсронгуй болгож, үр дүнд хүргэх нь чүхал юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. Мөн Монголын Оюуны өмч хамгаалах холбооны зүгээс гүйцэтгэх захирал, ноён Г.Чинзориг оролцон, өөрийн байр суурийг илэрхийлэхийн сацуу өнөөгийн нийгэмд түгээмэл тохиолдоод байгаа Зохиогчийн эрх, Оюуны өмчийн эрхтэй бүтээлийг дурын нэг телевиз, сонин, сайтууд хуулж аваад ямар ч зөвшөөрөлгүй шууд гаргадаг хууль бус үйл ажиллагаа маш их байгааг дурдаад, энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах, оюуны бүтээлийг хулгайлж биш, худалдаж авдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байна гэв. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадна дотны төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хулгайн бүтээл гаргаж ямар ч байгууллага, хувь хүнтэй хуулийн дагуу хатуу тэмцэнэ гэдгээ тэр мөн онцлон хэлсэн юм.