Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг нэгдсэн байдлаар төлөөлөх зорилгоор Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо (МНХ)-г үүсгэн байгуулах анхдугаар Их хурал 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус холбоог салбарын таван мэргэжлийн байгууллагын санаачилгаар үүсгэн байгуулсан бөгөөд үүнд:
1. Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци
2. Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциаци
3. Монголын олон суваг дамжуулагчдын холбоо
4. Мэдээлэл холбооны дэд бүтэц, угсралтын ажил эрхлэгчдийн холбоо
5. Монголын оюуны өмч хамгаалах холбоо багтаж байна.

Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдсанаар салбарын байгууллагууд өөр өөрийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа уялдуулах, нийтлэг тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх, төрийн байгууллага болон бодлого боловсруулагчдад салбарын нэгдсэн санал, байр суурийг хүргэх боломж нэмэгдэж байна.Түүнчлэн хууль тогтоомж, бодлого, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, технологийн шинэчлэл, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах үндэс суурь бүрдэж байгаа юм. Нэгдсэн холбооны хүрээнд мэргэжлийн байгууллагуудын туршлага, мэдээлэл, нөөцийг харилцан солилцож, салбарт тулгамдаж буй асуудлыг тус тусдаа бус, нэгдсэн зохион байгуулалттайгаар шийдвэрлэх нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Монголын оюуны өмч хамгаалах холбооны хувьд МНХ-ны үйл ажиллагаанд оролцсоноор мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь оюуны өмчийн хамгаалалттай холбоотой асуудлыг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцэх, салбарын бодлого, зохицуулалтад мэргэжлийн байр сууриа тусгуулах, эрх эзэмшигчид болон үйлчилгээ үзүүлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж өргөжинө гэж үзэж байна. Мөн оюуны өмчийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль ёсны контентын хэрэглээг дэмжих, зохиогч болон эрх эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарсан арга хэмжээ, санал санаачилга хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Эдгээр чиглэлээрх хамтын ажиллагаа нь зөвхөн эрх эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, шударга өрсөлдөөнийг дэмжих, бүтээлч үйлдвэрлэл болон инновацын хөгжлийг урамшуулах, салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Анхдугаар Их хурлаар Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийн төслийг хэлэлцэн баталж, удирдах болон хяналтын бүтцийг бүрдүүлэн, холбооны ерөнхийлөгчийг сонгож, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойллоо. Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагууд нэгтгэсэн бүтэц дор төртэй хамтран ажиллах эхлэлийг тавьж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бодлогын түвшинд үр дүнтэй оролцох, оюуны өмч болон инновацын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын оюуны өмч хамгаалах холбоо нь Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна.
Номин-Эрдэнэ