2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Оюуны өмчийн газар Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-ны харьяанд шилжсэн. Энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүгээр дамжуулан бизнес, инновацын хөгжлийг дэмжих явдал байв.
Энэ хүрээнд Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбоо (МОӨХХ) ЭЗХЯ-тай албан уулзалт зохион байгуулж, оюуны өмчийг хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр санал солилцлоо. Уулзалтад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, Хөрөнгө оруулалт, Салбаруудын шинэчлэлийн нэгдсэн бодлогын газрын холбогдох төлөөлөл оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орсноор гарах давуу талууд:
- Шинэ бизнес, гарааны компаниудын өсөлт: Оюуны өмчийн эрхээр баталгаажсан шинэ санаа, технологиуд зах зээлд гарах боломжтой болж, хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
- Инновац, судалгааны хөгжил: Оюуны өмчийг зөв удирдан, лицензжүүлэх, патентжуулах тогтолцоо бүрэлдсэнээр судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт өсөж, шинэлэг бүтээлүүд нэмэгдэнэ.
- Эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэх: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинэ салбарууд хөгжиж, ажлын байр шинээр бий болно.
- Олон улсын зах зээлд гарах боломж: Монголын бүтээгдэхүүн, технологи, брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, лицензийн орлого нэмэгдэнэ.
МОӨХХ-ийн зүгээс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ЭЗХЯ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. Талууд ойрын хугацаанд оюуны өмчийн үнэлгээ, цахим систем, зохиогчийн эрхийн хулгайтай тэмцэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар тохиролцов.
Номин-Эрдэнэ