Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.12/ зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Соёлын яам, Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл 50 гаруй хүн оролцож, саналаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй соёлын салбар, тэр дундаа видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал болон оюуны өмчийн цахим зөрчлийг илрүүлэх системийг боловсронгуй болгох, цахим зөрчлийг хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Бид цаашид оюуны өмчтэй холбоотой цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс өөр өөрсдийн чиглэлээр нэгдээд, хамтдаа салбар салбарынхаа хөгжлийн төлөө явахыг урьж байна” хэмээлээ.
МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал “МҮХАҮТ Оюуны Өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд хувийн хэвшлийн төлөөлөл болсон дуу хөгжим, видео контентын салбарын зохиогчийн эрхийн асуудал цахим орчны хамгаалалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хувийн хэвшилд бас цахим орчинтой, зохиогчийн эрхтэй холбогдох асуудлууд их байна. Төрийн байгууллагуудын хувьд давхардал байдаг юм уу, зарим тохиолдолд зохиогчийн эрхийн бүртгэлийг давхардуулж бүртгэдэг. Эдгээрийн хоорондын уялдаа холбоо хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн зүгээс зөрчлийг илрүүлэх шийдлүүд хэрэгтэй, оюуны өмчийн чиглэлээр нэгдсэн баримт бичиг боловсруулах шаардлагатай байна гэх мэтчилэн хувийн хэвшлүүдээс санал, санаачлагууд гаргаж байна. МҮХАҮТ энэхүү уялдаа холбоог хангах чиглэлээр цуврал арга хэмжээнүүд зохион байгуулна. Өнөөдрийнх бол зөвхөн дуу хөгжим болон видео контентынхон хамтарсан хэлэлцүүлэг юм” гэлээ.
МОӨХХолбооны Гүйцэтгэх захирал У.Тамир “Оюуны өмчийн хулгай сошиал, цахим орчин руу шилжиж байна. Уламжлалт аргаар зохиогчийн эрхийн хулгай хийхээсээ илүү цахимаар их хийж байна. Цахим орчинд гарч байгаа зохиогчийн эрхийн хулгайг өнөөдөр Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллагад хандах байдлаар ихэвчлэн шийдэж байна. Оюуны өмчийн газарт мөн хандаж байна. Аль ч тохиолдолд Зөрчлийн хуулиар захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авахаар байгаа. Бодит амьдрал дээр дийлэнх хэрэг гомдлыг эзэн холбогдогч нь олдохгүй байна гэдэг байдлаар хаагдаж, шийдвэрлэгдэж чадахгүй байна. Энэ бол ганцхан Монголын асуудал биш. Дэлхий даяар асуудал болж байна. Бусад улс орнууд цахим хулгайтай цахим аргаараа л тэмцэж байна. Зохиогчийн эрхийн зөрчлийг цахим орчинд яаж хурдан илрүүлэх, ямар хугацаанд таслан зогсоох вэ гэдэг дээр цахим технологи ашиглаж маш хурдан таслан зогсоож байна. Үүний дараа хуулийн хариуцлагаа ярьж байна. Энэ арга руу шилжих цаг болсон. 2021 онд Зохиогчийн эрхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуульд оюуны өмчийн хулгайг оюуны өмчийн байцаагч нь нэн даруй таслан зогсооно, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч оюуны өмчийн хулгайг мэдсэн даруйдаа зогсоох үүрэгтэй гэх мэт заасан. Харамсалтай нь бодит амьдрал дээр цахим системгүйгээр хэрэгжих ямар ч боломжгүй байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд дахин хамтарсан байдлаар уулзалт зохион байгуулж, цахим орчин дах хулгайг бууруулахын тулд технологийн ямар шийдэл байж болох, одоо хийчихсэн болон хийгдэх гэж буй цахим системүүд хоорондоо хэрхэн уялдаж болох мөн холбогдох хууль тогтоомжид ямар өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргахаар тохиролцов.