Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр МОӨХХолбооны Гүйцэтгэх захирал У.Тамир “Оюуны өмчийн хулгай сошиал, цахим орчин руу шилжиж байна. Уламжлалт аргаар зохиогчийн эрхийн хулгай хийхээсээ илүү цахимаар их хийж байна.
Цахим орчинд гарч байгаа зохиогчийн эрхийн хулгайг өнөөдөр Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллагад хандах байдлаар ихэвчлэн шийдэж, оюуны өмчийн газарт мөн хандаж байна. Аль ч тохиолдолд Зөрчлийн хуулиар захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авах зохицуулалттай. Бодит амьдрал дээр дийлэнх хэрэг гомдлыг эзэн холбогдогч нь олдохгүй байна гэдэг байдлаар хааж, шийдвэрлэж чаддаггүй.
Энэ бол ганцхан Монголын асуудал биш, дэлхий даяарх асуудал болж байна. Бусад улс орнууд цахим хулгайтай цахим аргаар тэмцэж байна. Зохиогчийн эрхийн зөрчлийг цахим орчинд яаж хурдан илрүүлэх, ямар хугацаанд таслан зогсоох вэ гэдэг дээр цахим технологи ашиглаж буй. Үүний дараа хуулийн хариуцлагаа ярьдаг. Бид энэ арга руу шилжих цаг болсон.
Энэ хуульд оюуны өмчийн хулгайг оюуны өмчийн байцаагч нь нэн даруй таслан зогсооно, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч оюуны өмчийн хулгайг мэдсэн даруйдаа зогсоох үүрэгтэй гэж заасан. Харамсалтай нь бодит амьдрал дээр цахим системгүйгээр хэрэгжих ямар ч боломжгүй байна” гэлээ.
Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй соёлын салбар, тэр дундаа видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал болон оюуны өмчийн цахим зөрчлийг илрүүлэх системийг боловсронгуй болгох, цахим зөрчлийг хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцсэн хэмээн МҮХАҮТ-аас мэдээлэв
Мэдээллийг: https://gogo.mn/r/kx1wm