Оюуны өмчийн газраас хяналт шалгалт хийлээ.

Оюуны өмчийн газраас Кабелийн сувгийн телевизийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай удирдамжийн дагуу кабелийн сувгийн 12 телевизийн үйл ажиллагааг “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ” болон “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хүрээнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил нарын бүрэлдэхүүнтэй хийлээ.

Шалгалтад “Эх гоёот медиа” ХХК-ийн Channel 11, “Эм ви эс” ХХК-ийн Mon Music, “Ханлиг Өлзий” ХХК-ийн Sky, “Модерн Кастл Модифаер” ХХК-ийн Соён гэгээрүүлэгч, “Малчин телевиз” ХХК-ийн Молор, “Реал Мастер Линкс” ХХК-ийн Like, “Эйч Ди Ви” ХХК-ийн Барилга, “Дөрөв кэй мүүв” ХХК-ийн Талын монгол, “Хаппи веритас” ХХК-ийн GTV, “Монзах” ХХК-ийн ONTV, “Сарны чулуу анар” ХХК-ийн ТВ-6, “Маст технологи” ХХК-ийн News channel зэрэг 12 кабелийн сувгийн телевизийг хамрууллаа.

Шалгалтад хамрагдсан 12 кабелийн сувгуудад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээл ашиглах, гэрээний хугацааны сунгалт хийлгээгүй гарын үсэг тамга, тэмдэг дутуу, эрх олгогчийн талаарх мэдээлэл бүрэн бус, хөтөлбөрт контентийн нэрийг ерөнхий нэрээр оруулах зэрэг зөрчил нийт телевизийн сувгуудад илэрсэн бөгөөд 3 телевизийн сувгаас бусад нь хяналт шалгалтын хугацаанд зөрчлөө арилгасан тул зөвлөгөө, анхааруулга өгч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар кино нийтэд түгээж зохиогчийн эрх зөрчсөн “Ханлиг Өлзий” ХХК-ийн Скай, “Малчин телевиз” ХХК-ийн Молор, “Эйч Ди Ви” ХХК-ийн Барилга телевизийн сувгуудад Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 5 сая, нийт 15 сая төгрөгийн торгууль оногдуулав.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

 

Холбоос:    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2432168276858303&id=440304952711322