“Зохиогчийн эрхтэй холбоотой бодлогын шийдэл” хэлэлцүүлэг боллоо!

Өргөн нэвтрүүлгийн салбарт медиа контентын бизнес эрхлэгчид болох зарим телевиз болон IPTV бизнес эрхлэгчдийн гишүүнчлэлтэй Монголын оюуны өмч хамгаалах холбоо, түүний гишүүдээс 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09.30 цагт Блью Скай бюлдингийн Топаз хурлын танхимд “Зохиогчийн эрхтэй холбоотой бодлогын шийдэл” видео контент, кино урлагийн салбарын төлөөллүүдийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд өргөн нэвтрүүлгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа контент бүтээгчид, уран бүтээлчид, продюсер, контент нийлүүлэгч, төлөөлөгч, хуульчид, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг 70 орчим хүн оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр шинэ УИХ, Засгийн газар байгуулагдан Засгийн газрын бүтэц, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахад хувийн хэвшлийнхнээс зохиогчийн эрхийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамгаалалтын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чиглэсэн бодлогын зорилт, үйл ажиллагааны талаарх саналаа өгөх асуудлаар хэлэлцэж, энэхүү санаачлагад нэгдэж, шинэ парламент, шинэ Засгийн газарт хүргүүлэх саналд гарын үсэг зурахыг уриалж, зохиогчийн эрхийн асуудлаар өнөөгиййн байдалд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, санал солилцов. 

Энэхүү бодлогын саналд оюуны өмч, зохиогчийн эрхийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад чиглэсэн тогтолцооны эко системийг бий болгох бүтэц, зохион байгуулалтын реформын өөрчлөлт хийх, хуулиудын нийцлийг хангах замаар эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх, оюуны өмчийн талаарх төрөөс баримтлах бодлого гаргах, зохиогчийн эрхийг бүртгэх, нийлүүлэх, борлуулах, зөрчлийг илрүүлэх нэгдсэн цахим систем, дэд бүтцийг бий болгох, цахим орчин дох зохиогчийн эрхийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлууд багтсан. 

Уулзалтад оролцсон хүмүүс оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар УИХ-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах нэн яаралтай хэрэгцээ шаардлага байгааг дурьдаад дуу нэгтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тухайн уулзалтаар гарсан саналыг нэгтгэн Засгийн газарт 2024 оны 7 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэхээр хэлэлцсэн бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуульд цахим орчин дахь хулгайтай тэмцэх технологийн болон торгуулийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцгойлон хэлж байлаа.