Олон улсын гэрээ конвенцийн зохицуулалтыг Монгол Улсад ашиглаж хэрэг маргаан шийдүүлж байсан туршлага, зохиогчийн эрхийн зөрчлийн асуудлыг өрсөлдөөний хууль тогтоомжтой уялдуулах боломжтой эсэх, өргөн нэвтрүүлгийн хуулинд зохиогчийн эрхийн талаарх зохицуулалтыг сайжруулах боломжуудыг ярилцахаар “Зохиогчийн эрхийн тухай хуулийн эрхзүйн шинэ боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын албаны мэргэжилтэн П. Золбоо, ЭЦА-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Даваажаргал болон МОӨХХ-ны гишүүн байгууллагын хуульчид, оюуны өмчийн хэрэг маргаанд оролцож байсан, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хуульчид, өмгөөлөгчид, нийт 26 хүн оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд МОӨХХ-ны Гүйцэтгэх захирал “Өргөн нэвтрүүлгийн салбарт зохиогчийн эрхийн эрхзүйн зарим асуудлаар” сэдэвт товч илтгэлийг тавьж, үргэлжлүүлэн одоо мөрдөгдөж байгаа оюуны өмч, зохиогчийн эрхийн хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хэрэг маргааныг хэрхэн шийдүүлж байгаа, бодит байдалд тулгарч буй асуудлыг ярилцахыг оролцогчдоос хүсч, чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Өдрөөс өдөрт глобальчлагдаж байгаа техник технологийн хөгжлөө дагаад оюуны өмч зохиогчийн эрхийн зөрчил цахим орчинд шилжиж, бусдын уран бүтээлийг шууд болон шууд бусаар олон нийтэд түгээж байгаа асуудлыг шалгаж шийдвэрлэх процесс маш удаашралтай байдгаас болж богино хугацаанд асар их хэмжээний хохирол үүсч байгаа учраас Зохиогчийн эрхийн тухай шинэчилсэн хуулинд заасанчлан “нэн даруй хариуцлага тооцох” гэдэг хугацааг нэгдсэн байдлаар ойлгож тодорхойлох, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц ашиглан хуулийн байгууллагад хэрэг маргаан үүсгэх, хуулийн зүйл заалтыг нэгдсэн байдлаар ойлгох, бодит байдалд хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудыг тодорхойлж ХЗДХЯ болон ЦХХХЯ, ХХЗХ, ОӨГ зэрэг төрийн байгууллагын удирдлагуудад танилцуулж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсад үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай судалгаа хийх шаардлага үүссэн байгаа зэрэг маш үр дүнтэй саналууд яригдсан уулзалт боллоо гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэлээ.
Уулзалтын үр дүнд дээрх сэдвийн хүрээнд илүү олон субьектийг хамруулсан уулзалтыг зохион байгуулж, асуудлаа ярилцах нь зүйтэй гэж үзлээ.