УИХ-аас 2020 онд батласан Оюуны өмчийн тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар шинэчлэн батласан.
Энэхүү зөвлөл нь оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй бөгөөд Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Уг хурлаар Оюуны өмчийн газраас тус Зөвлөлийн чиг үүрэгт нийцүүлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих, оюуны өмчийн талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэсэн 3 чиглэлээр 7 ажил хийхээр болжээ.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан зохиогчийн эрхийн бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийг хувийн хэвшилтэй хамтран нэвтрүүлэх төслийн танилцуулж, үндэсний зөвлөлөөс уг төслийг Засгийн Газарт танилцуулах асуудлыг дэмжлээ.
Хиймэл оюун ухаанд суурилсан систем нэвтрүүлснээр зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг бүрэн хамгаалах, цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх эзэмшигч бүтээл бүрээсээ эдийн засгийн үр шим хүртэх, бүтээлээ дуу хөгжмийн зах зээлд гаргах асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэж байгаа олон улсын чиг хандлагад нийцсэн оновчтой ухаалаг шийдэл юм.