Монголын оюуны өмч хамгаалах холбооны 2022 оны төлөвлөгөөт ажлуудын нэг болох өргөн нэвтрүүлгийн салбарт боловсон хүчнээр бэлтгэгдэж сэтгүүлч, найруулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зохиогчийн эрхийн талаар суурь мэдлэг олгох зорилгоор СУИС-ийн харъяа Радио телевиз, медиа урлагийн сургуулийн 3,4-р курсийн оюутнуудад “Соёл урлагийн салбар дахь оюуны өмчийн ойлголт" сэдвээр ойлголт, мэдээлэл өгөх уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтанд РТМУС-ийн сэтгүүлч, найруулагч, радио телевизийн техникийн ангийн 56 оюутан оролцож, сонирхсон асуултууддаа хариулт авав.
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Д.Дэлгэрцоо тавьсан илтгэлдээ “мэдээллийн эх сурвалжтай хамгийн ойр ажиллаж, уран бүтээл туурвиж байдаг хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар бэлтгэгдэж байгаа уран бүтээлч хүн оюуны өмчийн талаар зайлшгүй мэдлэг мэдээлэлтэй байх ёстойг онцгойлон захиж, оюуны бүтээл гэж юу болох, тэр дундаа сэтгүүлзүйн ямар бүтээлүүдийг “оюуны өмчийн эрхтэй бүтээл” гэж үзэх үү, нийтийн эрх ашгийн төлөө түгээж буй өдөр тутмын болон мэдээллийн чанартай мэдээг өөрийн бэлтгэсэн уран бүтээл, нэвтрүүлгээс хэрхэн ялгаж ойлгох вэ, түүнчлэн найруулагч хүн өөрийн уран бүтээлээ хэрхэн оюуны өмчийн бүтээл гэж баталгаажуулж авах, кино уран бүтээлийн хувьд дуу, дүрс, жүжигчид, зохиолч гээд уран бүтээлч болгоныг тусад нь оюуны бүтээл гэж үзэж гэрчилгээжүүлж авах хэрэгтэй” зэрэг тун сонирхолтой мэдээллүүдийг оюутан залууст тайлбарлав.
Тус уулзалтын үр дүнд РТМУС-ийн 2023 оны 4-р сард оюуны өмчийн мэдлэг ойлголтыг түгээх 1 сарын аянг хамтран зохион байгуулахаар ярилцав.