"Медиа групп" ХХК нь Монголын оюуны өмч хамгаалах холбоонд Үндсэн гишүүнээр элсэж, 2018 оны 06 сарын 19-ны өдөр гишүүнчлэлийн батламжийг гардуулан өглөө.
Монголын ууган телевизүүдийн нэг, Медиа групп ХХК-ийн харьяа NTV телевиз нь 2006 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Оюуны өмчийг дээдлэн, Оросын TNT телевизийн бүтээл болох "Зөн билгийн тулаан", "Гал тогоо" зэрэг цуврал нэвтрүүлгээс гадна, солонгосын телевизүүдийн олон ангит уран сайхны кинонууд, спортын сонирхолтой тоглолтууд гэх мэтчилэн гадаадын болон дотоодын уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдан авч, үзэгч түмэндээ хүргэн ажиллаж байгаа гэдгийг үзэгчид хэдийнэ мэддэг болсон.
Мөн телевизийн дэргэдэх NTV production болон Orange театрын уран бүтээлчид "Хүй давхар орчлон", "Өвлийн уянга", "Зүгээргүй эмэгтэй", "Дурлалын нууц" зэрэг теле жүжиг, "Цэцэг нялхарсан зун" теле зохиомж болон хамгийн анхны цуврал ситком болох "Бид дөрвийн хайр" телевизийн 20 ангит киног тус тус бүтээсэн.
Бид Монгол улсад оюуны өмчийн үнэлэмж чанарыг дээшлүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, видео контентийн хулгай, хууль бус дамжуулалт, түгээлтийн эсрэг тэмцэх, үүсгэн байгуулагчид болон гишүүдийнхээ оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах, тэдгээрийн эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгынхоо хүрээнд нэгдэн, хамтран ажиллахаар болсондоо таатай байна.
Эх сурвалж: Монголын Оюуны өмч хамгаалах холбоо