Скаймедиа корпораци ХХК Үндсэн гишүүнээр элслээ

Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел групп “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ГҮТББ-д элсэн орж,  “Үндсэн” гишүүний батламжийг гардан авсантай холбогдуулан тус компанийн Маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмонтой дараах сонирхолтой ярилцлага өрнүүлснээ эрхэм уншигчдад хүргэж байна.

“Оюуны өмчийг дээдлэгч” байгууллага батламжийг гардан авсан танай компаний хамт олонд баяр хүргэе. Яриагаа СКАЙмедиа компани оюуны өмчийг дээдлэх тал дээр хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар эхэлбэл ямар вэ?

Баярлалаа. “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”-нд СКАЙмедиа корпораци нэгдсэнээр бид Монголд оюуны өмчийг хамгаалах чиглэлд хувь нэмрээ оруулан хамтран ажиллах болсондоо баяртай байна. СКАЙмедиа Корпораци интернет, IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээг үзүүлэгч Монгол улсын контент медиа салбарын томоохон оролцогчийн хувьд бид  үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш оюуны өмчийг дээдлэн ажиллаж, гадаад, дотоодын 130 гаруй суваг, 2000 орчим контентыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

2014 оноос бид Уолт Дисней студи, Мосфильм, Студио Канал зэрэг дэлхийн шилдэг студитэй хамтран ажиллаж, дэлхийн шилдэг кино, контентүүдийг дуу, дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар Видео сангаасаа нөхөж, ухрааж үзэх боломжийг хэрэглэгчдэдээ бий болгож ирсэн. СКАЙмедиа үйлчилгээ маань контентоор улам баялаг болж өргөжсөөр байна. Саяхан энэ оны 5-р сард бид Холливүүдийн Их Таван студи буюу Columbia Pictures, Paramount Pictures, Warner Bros, Fox, Universal Pictures -тэй гэрээ байгуулснаар Видео санд шилдэг, шинэхэн хит кинонуудын давлагааг эхлүүлсэн байгаа. BBC News, BBC Earth, BBC Lifestyle, Cbeebies, Baby TV, Boomerang, NatGeo, NatGeo Wild гээд дэлхийн шилдэг гадаад сувгууд СКАЙмедиад нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл СКАЙмедиа Видео санд дандаа албан ёсны эрхтэй, оюуны өмчийн бүтээлүүд байршиж, СКАЙмедиагийн хэрэглэгчид дэлхийн шилдэг контентуудыг хүлээн авч байна.

СКАЙмедиа Видео Сангийн онцлох контентуудаас дурдвал?

СКАЙмедиа корпораци HBO компанийн Монгол дахь  хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн хугацаанд HBO HD, HBO Hits, HBO Family, Signature сувгуудыг бүхлээр нь зөвхөн СКАЙмедиа дамжуулж ирсэн. Бид энэ жил хамтын ажиллагаагаа  өргөжүүлж HBO сувгийн шилдэг хит, дэлхий даяар сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цувралыг онцгой эрхтэйгээр видео сандаа оруулаад байна. Манай улсад энэ цувралыг шимтэн үздэг кино сонирхогчид олон байдаг ч ихэвчлэн хууль бусаар буюу интернетээс үзсэн эсвэл хууль бусаар орчуулж гаргасан телевизүүдээр л өмнө үзэж танилцсан байдаг. Тэгвэл бид Монголд анх удаа энэ гайхалтай цувралыг албан ёсны эрхтэйгээр, дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн монгол орчуулга, дуу оруулалттайгаар Видео сандаа байршуулан хүргэж байна.

Мөн бас нэг онцлох зүйл гэвэл бид НВО сувгийн шилдэг хит цувралуудыг үзэх боломжтой “НВО ОЛОН АНГИТ КИНО” багцыг 2-р сард шинээр нэвтрүүлсэн. Кино сонирхогчид та бүхэн энэхүү багцаас “Game of Thrones”, “True detectives” зэрэг тус сувгийн шилдэг цувралуудыг үзэх боломжтой. “Хаадын тоглоом” цувралыг Монголд анх удаа албан ёсны эрхтэй хүргэж байгааг тохиолдуулан бид 3-р сарын 19-нд  УДБЭТ-ийн тайзнаа “Хаадын тоглоом” амьд хөгжмийн хамт хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр “Хаадын тоглоом” цувралын хамгийн сонирхолтой, хөгжимлөг, онцгой нэгэн ангийг симфони найрал хөгжмийн амьд тоглолттойгоор үзэгчдэд хүргэж, амжилттай зохион байгуулснаар кино сонирхогч, үзэгч олноос ихээхэн талархал хүртэж, цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зоригийг авсан. Энэ дашрамд манай СКАЙмедиа хэрэглэгчид дэлхийн шилдэг хит “Хаадын тоглоом” цувралын эхний бүлгийг Видео сангаасаа үнэ төлбөргүй үзэх боломжтой байгааг дуулгахад таатай байна.

Видео сангийн кино контентоос гадна өөр ямар чиглэлээр оюуны өмч бүхий бүтээлийг танайх хэрэглэгчдэдээ санал болгодог вэ?

Өмнө хэлсэнчлэн бид бид дотоодын 60 гаруй, гадаадын 70 гаруй телевизийн шилдэг сувгуудтай гэрээ хэлцэл хийсний дагуу албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бид TV5 телевизтэй хамтран “Лондон-2012”, МҮОНРТ-тэй хамтран “Рио-2016” олимпийн наадмуудыг шууд дамжуулагч, алтан түншээр амжилттай хамтран ажилласан. Мөн энэ жилийн хувьд бид ОХУ-д зохиогдож буй 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг эзэмшигч NTV телевизийн алтан түншээр ажиллаж байна. Хөлбөмбөг сонирхогч, фанатууд та бүхэн гэртээ зурагтаараа төдийгүй Sky GO үйлчилгээг ашиглан NTV телевизийг гар утсаараа шууд үзэж, хөлбөмбөгийн гал гарсан, шуугиан тарьсан тоглолт бүрээс хором ч хоцрохгүй байх боломжтой. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын үзэгчид www.skygo.mn сайтаас өндөр чанартай, хамгийн шилдэг мэргэжлийн тайлбартайгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж байна. Гар утсаараа Sky GO аппликэйшн ашиглан Монголын болон дэлхийн шилдэг телевизийн сувгуудыг үзэх, FIFA 2018 цэснээс дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болон Football talk, Road to Russia нэвтрүүлгийн контентуудыг үзэх боломжтой OTT телевиз маань хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж хэрэглэгчдэдээ хүрээд байна. Манай хэрэглэгчид өндөр хурдны LTE сүлжээгээрээ Sky GO үйлчилгээгээр гар утсан дээрээсээ дэлхийн хөл бөмбөгийн аваргын гайхалтай мөчүүдийг цаг алдалгүй үзэж байгаа нь бас нэгэн том амжилт боллоо.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та бүхнийг цаашид ч салбартаа манлайлж, ирээдүйг өнгөлөн, оюуны өмчийг дээдлэн сахигч байж, олон чанартай, сонирхолтой үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг хүсэн ерөөж, энэхүү ярилцлагаа өндөрлөе.

 

 

Эх сурвалж: www.skytel.mn