“Зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн боломж”  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

Монголын Оюуны Өмч Хамгаалах холбооноос санаачлан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн боломж” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Туушин зочид буудлын 4 давхар “Сүлд” танхимд зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт оюуны өмчийн чиглэлээр түлхүү ажилладаг хуульч, өмгөөлөгчдөөс гадна Оюуны өмчийн газар, Нийслэлийн шүүх, Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөл, болон МОӨХХ-ны гишүүн байгууллагын хуульч, менежерүүд зэрэг нийт 50 хүн оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг нээж Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ДДэш ТВ” ХХК-ийн Бизнес хөгжил, борлуулалт хариуцсан дэд захирал Ц.Пүрэвдорж “МОӨХХ ТББ нь Монгол Улсад оюуны өмчийн үнэлэмж чанарыг дээшлүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, видео контентийн хулгай, хууль бус дамжуулалт, түгээлтийн эсрэг тэмцэх, оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр нөлөөллийн ажил хийж, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна. Тиймээс зохиогчийн эрхийн зөрчил маргаан дээр ажилладаг хуульчдын туршлага, санал бодлыг сонсох нь чухал ач холбогдолтой гэж үзэж энэхүү хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байна” гэв.

Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар зохиогчийн эрхийн зөрчлийн эсрэг дуу хоолой болж, нийгмийг соён гэгээрүүлэх, оюуны өмч зохиогчийн эрхийн зөрчлийг ойлгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа МОӨХХ-ны гишүүдэд талархсанаа илэрхийлээд хэрэгжихгүй, болохгүй байгаагаа үргэлж хоорондоо ярьж хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд нь асуудлаа гаргаж тавьж хамтарч ажиллах нь зүйтэй гэж уриалаад хэлэлцүүлэгт амжилт хүслээ.

                                                                                   

“Өргөн нэвтрүүлгийн салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр МОӨХХ-ны Гүйцэтгэх захирал У.Тамир, “Аажим аажмаар хөгжиж буй зохиогчийн эрх” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны тэргүүн, хуульч, Өмгөөллийн “Сувд Партнерс” ХХН-ийн захирал Э.Болорчулуун нар илтгэл тавьж хэлэлцүүлэхээс гадна “Хариуцлагын тогтолцоо-практик асуудлууд” панел хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч Ч.Жадамба, ОӨГ-ын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, хуульч Э.Болорчулуун нар Монгол Улсад зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн боломжуудын талаар хэлэлцэж, нэгдсэн нэг ойлголттой болох, гарц шийдлүүдийг эрхэлхийлэх бодит жишээ, түүнийг шийдвэрлэсэн туршлага, үнэлгээ хийхэд ямар хүндрэл бэрхшээл үүсдэг тухай ярилцлаа.

                                     

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн туслалцаа үзүүлж байсан бодит жишээ ярьж, туршлагаа солилцож, мэтгэлцсэн уулзалт болж өнгөрлөө, сэдвийн хувьд илүү нарийвчилж дахин уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.