Монголын оюуны өмч хамгаалах холбооноос оюуны өмчийн бүтээлийн болон хохирлын үнэлгээний чиглэлээр гишүүн байгууллагын ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 14-ны Лхагва гаригт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус уулзалтанд Блүмсбюри пикчерс борлуулалтын мэргэжилтэн Б.Учрал, Номадиа пикчерсийн продюсер Б.Наранбат, продюсер С.Өнөржаргал, Юнивишн компанийн медиа хамтын ажиллагааны хэлтсийн менежер Б.Ундрам, Ддэш ТВ компанийн контент хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мөнгөнзул, Э.Бадамгарав, Гэр контент групп ХХК-ийн хуульч Дашдондог, хуульч өмгөөлөгч Б. Наранзул, Б.Өлзийбаяр нар оролцлоо.
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны мэргэшсэн үнэлгээчин, Атен ХХК-ийн дэд захирал П.Болормаа болон Дамно ХХК-ийн захирал, хөрөнгийн үнэлгээчин, Монгол улсын шүүхийн итгэмжлэгдсэн шинжээч Ц.Түвшинцэнгэл нар уригдан оролцож, үнэлгээний талаар ерөнхий ойлголт мэдлэг өгөхөөс гадна оюуны өмчийг бодитоор үнэлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага хэдийнэ тулгарч байгаа гэдгийг онцлон хэлж байв.
Хэдийгээр оюуны бүтээлийг үнэлэхэд эдийн засгийн бодит тооцоог гаргаж цаасан дээр тавьж байгаа мэт боловч хүний оюун санаанаас ургаж гарсан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй онцгой зүйл учраас материаллаг бус хохирлыг тооцоолох шаардлага зайлшгүй үүсч байна. Түүнчлэн зохиогч, бүтээгчээс гадна оюуны бүтээлийн хулгай хийж байгаа гэдгээ мэдэхгүй үйлдсэн хүмүүс олон байдаг. Тэдгээр хүмүүст шат дараатай мэдлэг, ойлголтыг түгээж бусдын оюуны өмчийг хулгайлах нь гэмт хэрэг гэдгийг ойлгуулснаар зохиогч туурвигч нар нь ч үр шимээ хүртээд явдаг тогтолцоог бүтээхийн тулд МОӨХХ-ны гишүүд манлайлан ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа ч илэрхийлэв.
Контент үйлдвэрлэгчид, зохиолч бүтээгчид хохирсон хойноо үнэлгээ хийлгэж, хуулийн байгууллагад хандахаасаа илүүтэй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах, гэрчилгээ патентаа баримтжуулж авах, мөн хоёр тал хийж байгаа гэрээндээ анхнаасаа тухайн зөрчлийн үүсвэл ийм арга хэмжээ авна гэдэг заалтуудыг маш нарийн тусгаж өгөх ёстойг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд гишүүд аливаа контентийг бүтээхдээ оюуны өмчийн чиглэлээр эрх зүйн үндэслэлийг зөв бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна гэдэгт санал нэгдэв.