Албан ёсны зохиогчийн эрхтэй, IPTV-ийн видео санд байршаад удаагүй кино уран бүтээлүүдийг фэйсбүүк цахим орчинд шууд /live/ дамжуулах, хувийн чатаар төлбөртэй худалдах зэрэг оюуны өмч, зохиогчийн эрхийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ихсэж байгаатай холбогдуулан тус холбооны зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороонд фэйсбүүкийн төлөөлөгчидтэй уулзаж, тулгамдаж буй эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох уулзалт зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтээ удаа дараа илэрхийлээд байсан билээ.
Тиймээс ХХЗХ-ноос тус уулзалтыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон тул бид гишүүд дотроо санал солилцох уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтанд Боловсрол телевиз, Монгол HD ТВ, Юнивишн ХХК-ийн Номадиа пикчерс, Ддэш ТВ ХХК, Скаймедиа групп ХХК компаниудын контент, маркетинг, хуулийн албаны дарга, мэргэжилтнүүдийн нийт 13 хүн оролцлоо.
Уулзалтад оролцогчдын хэлж буйгаар фэйсбүүкийн Rights manager буюу тухайн компани өөрсдийн баталгаажсан аккаунт, хуудсанд албан ёсны эрхтэй контентийг бүтнээр болон хэсэгчлэн таниулсан л бол 24 цагийн дотор төстэй дуу дүрс бүхий мэдээллийг фэйсбүүк олж таниад тухайн эзэмшигч рүү мэдэгдэл хүргүүлдэг хэрэгслийг ашиглан хулгайн контентийн ихэнхи хувийг олж устгаж байгаа боловч дуу дүрсний чанар муу танигдахгүй, rights manager-н эрхээр олон хүн зэрэг нэвтэрч чаддаггүй зэрэг байдлаас болж алдах тохиолдол байдгийг хэлж байлаа. Түүнчлэн фэйсбүүкийн шууд дамжуулалтын үед rights manager tools ажилладаггүй, хувь хүний аккаунт тус бүр рүү ажилчид мэдэгдэл явуулж механик аргаар тэмцэж байна.
Олон улсад цахим орчинд хурдтай тархдаг оюуны өмчийн хулгайтай тэмцэхэд нийтлэг практик болж байгаа, гэтэл манайд энэ чиглэлээр юу ч хийгдэхгүй байгаагийн зэрэгцээ хуулинд заасан хоног хугацаа, олон шат дараалалтай процесс нь хулгайг таслан зогсоох ажиллагааг хурдтай биш болгож байгаа, энэ нь үндсэндээ хулгайг зогсоож чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, түүнчлэн хуулийн дагуу буруутай этгээдэд хүлээлгэдэг хариуцлага, төлбөрийн хэмжээ бага зэрэг асуудлаас болж оюуны өмчийн хулгай гаарч уран бүтээлчид, оюуны өмчөө дээдэлж, хариуцлагатай ханддаг байгууллагууд хохирч байгааг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд фэйсбүүкийн төлөөлөгчдөд хандан кино уран бүтээлч, зохиогчдыг rights manager tools-ыг ашиглахад дэмжлэг үзүүлэх, цахим орчин дахь оюуны өмчийн хулгайн чиглэлээр төрийн байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, хурдан шуурхай report хийх арга технологийг нэвтрүүлэх гэсэн санал тавихаар боллоо.