Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Монголын оюуны өмч холбооноос Оюуны өмчийн газартай хамтран 15-18 насны сурагчдын дунд “Оюуны өмчийн үнэ цэнэ” ба “Оюуны өмчийн хулгай” гэсэн сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг 20 хоногийн хугацаатай зарлаж, өнөөдөр /2022.04.27/-ны өдөр шагналт байруудыг шалгаруулж шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус зургийн уралдаанд нийт Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг /Завхан аймаг, Өмнөговь, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг / зэрэг газруудаас нийт 100 гаруй бүтээл ирснээс 1-р шатны шалгаруулалтаас 19 бүтээл шалгарч, 2-р шатны шалгаруулалтаас 1-3 р байр, 3 тусгай байр, нийт 6 бүтээл шалгарлаа.
- 1-р байр: Орхон аймаг, 5-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Санчир
- 2-р байр: Орхон аймаг, 14-р сургуулийн 10в ангийн сурагч Г.Энхжин
- 3-р байр: УБ, БЗД 53-р сургуулийн 12б ангийн сурагч Г.Анундарь
- Тусгай байр: УБ, СБД, Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч М.Мөнхтуяа
- Тусгай байр: УБ, ЧД 24-р сургуулийн 9г ангийн сурагч Д.Ирш
- Тусгай байр: УБ, СХД, 9-р сургуулийн 12г ангийн сурагч Ц.Ганболор нар шалгарч шагналаа гардаж авлаа.
Уралдааны шүүгчээр Оюуны өмчийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Ай пи консалтинг ХХК-ийн захирал, хуульч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцоо, Монголын урчуудын эвлэлийн зураач, хуульч Х.Ганбат болон МОӨХХ-ны Ажлын алба ажиллав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа, ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг, тус холбооны гишүүн компаниудын болон шүүгчийн төлөөлөл, Ажлын алба, шагналт байранд шалгарсан хүүхдүүд эцэг эх, асран халамжлагчийн хамт оролцлоо.
Бүтээл ирүүлсэн сурагчдын сэтгэн бодож зохиомж гаргаж зурах ур чадвар маш сайн байсан учраас шалгаруулалт явуулахад хүндрэлтэй, саналын зөрүү их гарсан гэдгийг шүүгчдийн комиссынхон онцлон хэлж бүтээлээ ирүүлсэн бүх сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Шагналт байранд орсон 6 хүүхдийн бүтээлд “Зохиогчин эрхийн гэрчилгээ”-г Оюуны өмчийн газраас үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн нь хүүхдүүдийн хувьд онцгой бэлэг, гэнэтийн мэдээ байлаа. Тус холбооноос хүүхдүүдийн оюуны өмчийг хүндэтгэлтэйгээр үнэлж, шагналт байранд бүтээл нь шалгараагүй ч гэсэн цаг зав, оюун ухаанаа уралдуулан бүтээл туурвиж ирүүлсэн бүх хүүхдүүдэд тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ.
Уралдааны болзол ёсоор хүүхдүүдийн бүтээлүүдийг ашиг олох зорилгогүйгээр оюуны өмчийг дээдлэхийг уриалсан, танин мэдүүлсэн контент болгон ашиглах ч эдгээр бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр тус холбоо үргэлжлүүлэн ажиллаж, гишүүн байгууллагынхаа маркетингийн албатай холбож өгөх ажлыг бодож төлөвлөж байна.
Оюуны өмчийн үнэ цэнэ, оюуны өмчийг хулгайлахгүй байх тухай гүнзгий сэтгэж, бүтээлчээр урласан авъяаслаг сурагчиддаа цаашдын уран бүтээлд амжилт хүсье.