Оюуны өмчийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Зохигчийн эрхийн тухай хуулинд орсон өөрчлөлтийг танилцуулах уулзалтыг 2021 оны 11 сарын 30-ны өдөр Монголын оюуны өмч хамгаалах холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, Ддэш, Скаймедиа, Монгол Телевиз, Боловсрол телевиз, SPS телевизийн хууль эрхзүй, контент программ төлөвлөлтийн албаны дарга, мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Тус уулзалтанд Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Оюуны өмчийн тухай багц хуулийг шинэчлэн батлуулах Ажлын дэд хэсэгт ажилласан хуульч Ч.Нэргүй урилгаар уригдан ирж танилцуулга хийж, санал бодлоо солилцов.
Тус уулзалтын гол зорилго нь Зохиогчийн эрхийн хуулинд орсон гол өөрчлөлтүүд, тэдгээрийн хэрэгжилт бодит байдалд хэрхэн нөлөөлөх вэ, өргөн нэвтрүүлгийн салбарын хүрээнд өөрчлөлт орсон ямар заалтуудыг холбооны гишүүдийн зүгээс голчлон анхаарах вэ гэдэг дээр түлхүү мэдээлэл өгөхийг зорьсон. Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохиогчийн эрхэд хамаарах эрхтэй холбоотой харилцааг олон улсын конвенцэд нийцүүлэн илүү дэлгэрүүлж, лицензийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээний нөхцөлүүдийг тодорхой болгожээ.
Хуулинд дэлгэрүүлж орсон бас нэг зохицуулалт бол цахим болон харилцаа холбооны бусад сүлжээний орчинд үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн сервер, эфир, суваг, сүлжээнд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогчид эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдсэн даруй тухайн зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглалтыг зогсоох, хаах үүрэг хүлээхээр болсон. Өмнөх хуулинд зөрчилтэй контентыг хаах үүргийг зөвхөн интернетийн үйлчилгээ эрхлэгчид ноогдуулсан байсан юм. Энэ үүргээ биелүүлээгүй этгээдэд оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
Түүнчлэн технологийн өнөөгийн хурдтай хөгжлийн үед зөрчилтэй үйлдлийг зогсоох, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн зогсоох арга хэмжээг оюуны өмчийн улсын байцаагч нь нэн даруй авах эрхийг тодорхойлж өгсөн нь зөрчилд хариу авах арга хэмжээг шуурхай байлгах ач холбогдолтой зохицуулалт болжээ.
Хуулинд орсон бас нэг чухал зохицуулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээл ашиглах этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа бол тухайн этгээд зохиогчийн эрхийн зөрчлийг арилгах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэйг баталгаажуулсан байна.
Видео контентын бизнес эрхлэгчдийн хувьд амин чухал, зохиогчийн эрхийн зөрчил гаргуулахгүй байх үндсэн зорилготой эдгээр зохицуулалтуудыг практикт ямар процессоор хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт урган гарч байгаа бөгөөд энэ талаар хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй Оюуны өмчийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны санал бодлыг сонсож, хэрэгжүүлэх оновчтой механизмыг бий болгох талаар ярилцах шаардлагатай гэдэгт уулзалтанд оролцогсод санал нэгдэв.