card

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж

2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг;

3.1.2.эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.3.уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг;

3.1.4.ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг;

3.1.5.фонограмм гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст бүтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг;

3.1.6.бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг;

3.1.7.нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгохыг;

3.1.8.нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг;

3.1.9.үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг;

3.1.10.хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бүтээлийг;

3.1.11.зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг;

3.1.12.фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.13.дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийг дуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг;

3.1.14.эрх эзэмшигчийн таних тэмдэг гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

4 дүгээр зүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд

4.1.Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:

4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;

4.1.3.уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;

4.1.4.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;

4.1.5.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

4.2. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ.

4.3.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ.

5 дугаар зүйл. Хамтарсан зохиогч

5.1.Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.

5.2.Хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ.

6 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээл /объект/

6.1.Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно.

6.2.Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байна.

7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:

7.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;

7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;

7.1.3. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;

7.1.5. архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;

7.1.6 бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;

7.1.7. жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл;

7.1.10.үүсмэл бүтээл;

7.1.11.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;

7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл. 

8 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл

8.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:

8.1.1.хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;

8.1.2.захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг;

8.1.3.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;

8.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга;

8.1.5.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг;

8.1.6.болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;

8.1.7.ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил;

8.1.8.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрх, түүний хугацаа

9 дүгээр зүйл. Зохиогчийн эрх үүсэх, баталгаажих

9.1.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ.

9.2.Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.

9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.

9.4.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.

 9.5.Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.6.Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно:

9.6.1.дугуй хүрээ бүхий латин “С” үсэг;

9.6.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;

9.6.3.бүтээлийг анх нийтэлсэн он.

10 дугаар зүйл. Зохиогчийн эдлэх эрх

10.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.

11 дүгээр зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх

11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ:

11.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;

11.1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;

11.1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;

11.1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.

12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх

12.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.

12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 

12.2.1.бүтээлийг хуулбарлах;

12.2.2.бүтээлийг нийтлэх;

12.2.3.бүтээлийг нийтэд түгээх;

12.2.4.үүсмэл бүтээл болгон өөрчлөх;

12.2.5.түрээсээр ашиглуулах.

12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.

13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа

13.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.

13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.

13.4.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

13.5.Энэ хуулийн 13.4-т заасан бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг энэ хуулийн 13.2-т зааснаар тооцно. 

13.6.Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.

14 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх

14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана.

14.2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог

15 дугаар зүйл. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх

15.1.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.

15.2.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй.

16 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад эмхтгэл бүтээлийн зохиогчийн эрх

16.1.Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.

16.2.Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ тухайн эмхтгэлээс үл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй.

17 дугаар зүйл. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх

17.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй. 

17.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно. 

18 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих  

18.1.Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.

18.2.Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт

19 дугаар зүйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд.

19.1.Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:

19.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;

19.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;

19.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;

19.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

19.2.Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр эдэлнэ.

19.3.Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.

20 дугаар зүйл. Уран бүтээлчийн эрх

20.1.Уран бүтээлч нь өөрийн тоглолт, уран бүтээлийн хувьд дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:

20.1.1. тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтэд үзүүлэх нэвтрүүлэх, дамжуулах;

20.1.2.тоглолтонд бичлэг хийлгэх;

20.1.3.тоглолтын дуу, дүрс бичлэгийг хуулбарлах;

20.1.4.фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжүүлэх замаар нийтэд түгээх;

20.1.5.тоглолтын бичлэгийг түрээслүүлэх;

20.1.6.онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжүүлэх.

20.2.Уран бүтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах, нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ.

20.3.Уран бүтээлчийн тоглолтын эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

21 дүгээр зүйл. Фонограмм бүтээгчийн эрх

21.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:

21.1.1.фонограммыг шууд буюу шууд бусаар хуулбарлах;

21.1.2.фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхүл эрх шилжүүлэх замаар нийтлэх;

21.1.3.фонограммын эх хувь болон хуулбарыг түрээслүүлэх;

21.1.4.фонограммыг нийтэд түгээх;

21.1.5.онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжүүлэх.

21.2.Фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил байна.

22 дугаар зүйл. Радио, телевизийн байгууллагын эрх

22.1.Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй:

22.1.1.нэвтрүүлгийн бичлэг хийх;

22.1.2.нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах;

22.1.3.нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах;

22.1.4.нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах.

22.2.Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийг анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах

23 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх

23.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.

23.2.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийг тусгаж болно:

23.2.1.бүтээлийг ашиглах арга, хэлбэр;

23.2.2.хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;

23.2.3.бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа;

23.2.4.зохиогчийн эрх, үүрэг;

23.2.5.бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг;

23.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага;

23.2.7. маргаан шийдвэрлэх журам.

23.3.Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.

23.4.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно.

23.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах эрхтэй.

24 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд

24.1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй:

24.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;

24.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;

24.1.3.архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;

24.1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх; 

24.1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;

24.1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх;

24.1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах;

24.1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;

 24.1.9.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.

 /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.2.Энэ хуулийн 24.1-д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:

24.2.1.ашиг олох зорилгогүй байх;

24.2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;

24.2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө. 

24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаар бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.

25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах

25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.

25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.

25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага

26 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.1.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

26.1.2.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

26.1.3. зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

26.1.4.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах;

26.1.5.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах;

26.1.6.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;

26.1.7.зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;

26.1.8.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах;

26.1.9.ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах.

26.2.оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих бөгөөд үйл ажиллагааны хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.3.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

27 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага

27.1.Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно.

27.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн санаачлагаар байгуулна.

27.3.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн төрөл, ангиллаар дагнасан буюу хэд хэдэн төрлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар байгуулж болно.

27.4.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа

28.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:

28.1.1.бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах;

28.1.2.бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах;

28.1.3.авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;

28.1.4.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29 дүгээр зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үүрэг

29.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:

29.1.1.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах;

29.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 

29.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

30 дугаар зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах

30.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч, зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч, хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

31.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

32.1. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ

 

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг /цаашид “барааны тэмдэг” гэх/, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж

2.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 3.1.1.“барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;

 3.1.2.“хамтын тэмдэг” гэж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдгийг;

 3.1.3.“гэрчлэх тэмдэг” гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг эрх бүхий байгууллага гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;

 3.1.4.“газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг;

 3.1.5.“бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт” гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг;

 3.1.6.“гэрчилгээ” гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг гэрчилж, төрөөс олгож байгаа баримт бичгийг;

 3.1.7.“барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

 3.1.8.“газар зүйн заалт хэрэглэгч” гэж газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

 3.1.9.“мэдүүлэг” гэж барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг;

 3.1.10.“мэдүүлгийн бүрдлийн хяналт” гэж энэ хуулийн 6, 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах чиглэлээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг;

 3.1.11.“шүүлт” гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг;

 3.1.12.“лицензийн гэрээ” гэж барааны тэмдэг эзэмшигч бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээдэд ашиглуулах тухай бичгээр байгуулсан хэлцлийг;

 3.1.13.“нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг;

 3.1.14.“албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцийн 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг;

 3.1.15.“анхдагч огноо” гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг;

 3.1.16.“давамгайлах огноо” гэж мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө Парисын конвенцийн гишүүн буюу Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсад уг барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдөр, эсхүл Парисын конвенцийн 11 дүгээр зүйлд заасан он, сар, өдрийг;

 3.1.17.“бараа, үйлчилгээний ангилал” гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ыг;

 3.1.18.“барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг” гэж Мадридын хэлэлцээр, Мадридын протоколын дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагын оюуны өмчийн олон улсын товчоо /цаашид “Олон улсын товчоо” гэх/-оор дамжуулан гаргасан мэдүүлгийг;

 3.1.19.“Парисын конвенци” гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг; 3.1.20.“Мадридын хэлэлцээр” гэж 1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийг; 3.1.21.“Мадридын протокол” гэж 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн протоколыг;

 3.1.22.“Нийтлэг журам” гэж Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколыг хэрэгжүүлэх журмыг

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАРААНЫ ТЭМДГИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

4 дүгээр зүйл. Барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэр

4.1.Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

5 дугаар зүйл.Барааны тэмдэгт тавих шаардлага

5.1.Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

 5.1.1.үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;

 5.1.2.тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;

 5.1.3.тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;

 5.1.4.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;

 5.1.5.Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

5.2.Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:

 5.2.1.Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй бөгөөд тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй;

 5.2.2.Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн бөгөөд тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй;

 5.2.3.Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;

 5.2.4.агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш;

 5.2.5.бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;  

 5.2.6.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;

 5.2.7.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

 5.2.8.бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;

 5.2.9.Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр.

5.3.Энэ хуулийн 5.1, 5.2.1-д заасан зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн үг, дүрсийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно. 

5.4.Энэ хуулийн 5.1.5, 5.2.2-т заасан Монгол Улсын түүхэн, нэрд гарсан хүмүүсийг тодорхойлох болон барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ баталж мөрдүүлнэ.

5.5.Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ. 

 6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

6.1.Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр гаргана.

6.2.Барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

6.3.Барааны тэмдгийн нэг мэдүүлэг нэг барааны тэмдэгт хамаарна.

6.4.Барааны тэмдгийн мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

 6.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 6.4.2.энэ хуулийн 9.4-т заасны дагуу хураамж төлсөн тухай баримт болон энэ хуулийн 6.6-д заасан баримт.

6.5.Энэ хуулийн 6.4.1-д заасан өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

 6.5.1.барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлт;

 6.5.2.мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, гарын үсэг;

 6.5.3.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, төрөл, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

 6.5.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 

 6.5.5.давамгайлах огноо хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл;

 6.5.6.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барааны тэмдэг;

6.5.7.барааны тэмдгийн тодорхойлолт;

 6.5.8.барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийн тухай мэдэгдэл;

 6.5.9.хамтын тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

 6.5.10.гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

 6.5.11.барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

 6.5.12.тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт.

6.6.Барааны тэмдгийн мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

 6.6.1.тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, түүнийг ашиглах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалт;

 6.6.2.тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;

 6.6.3.давамгайлах огноо хүссэн бол урьд гаргасан мэдүүлгийн хуулбар, эсхүл холбогдох нотлох баримт;

 6.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

6.7.Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.

7 дугаар зүйл.Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

7.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

7.2.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.3.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

7.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.6.Энэ хуулийн 6.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

7.7.Энэ хуулийн 6.6-д заасан зүйлийг энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

8.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

8.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

8.3.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

8.4.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 8.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

8.6.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

8.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болох ба барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний ангилал нэмэхээр бол шинээр мэдүүлэг гаргана.

8.9.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах барааны тэмдгийн мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

9 дүгээр зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, хэвлэх

9.1.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

9.2.Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаархи мэдээллийг заана.

9.3.Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.

9.4.Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

9.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

9.6.Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн бүртгэл хийгдсэн бараа, үйлчилгээнд хамаарах ба энэ хуулийн 12.2-т заасан эзэмшигчийн хувьд хүчин төгөлдөр байна.

10 дугаар зүйл.Барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

10.1.Барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараахь өөрчлөлтийг оруулна:

 10.1.1.бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах;

 10.1.2.барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаягийг өөрчлөх;

 10.1.3.барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх;

 10.1.4.бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх.

10.2.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

10.3.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.

10.4.Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх, эрх шилжүүлэх бүрт ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

10.5.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

11 дүгээр зүйл. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой асуудал

11.1.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх, түүнийг бүртгэхэд энэ хуулийн 8-10 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.

11.2.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийн огноогоор тогтооно.

11.3.Энэ хуульд заасны дагуу барааны тэмдгээ бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон байнга оршин суудаг аливаа этгээд уг барааны тэмдгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколын гишүүн улсад бүртгүүлэх хүсэлтэй бол мэдүүлгийг өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн Олон улсын товчоонд гаргана.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдүүлгийн хувьд төрийн захиргааны байгууллага хүлээн авагч байгууллага байна.

11.5.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргахад Мадридын хэлэлцээр, Мадридын протокол, Нийтлэг журамд заасныг баримтална.

11.6.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хугацааг сунгуулах, барааны тэмдэг эзэмшигчийн эрх шилжүүлэх, хүчингүй болгуулах, нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.

11.7.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хураамжийг Нийтлэг журамд заасны дагуу Олон улсын товчоонд төлнө.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН ОНЦГОЙ ЭРХ

12 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх

12.1.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

12.2.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.

12.3.Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:

12.3.1.бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;

12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;

12.3.3.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;

12.3.4.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

12.3.5.бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

 12.3.6.энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

13 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах

13.1.Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:

 13.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;

 13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;

 13.1.3.барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;

 13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

13.2.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

13.3.Барааны тэмдгийн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт болгох, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлага худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан зорилгоор гэрээ байгуулсан бол уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

14 дүгээр зүйл. Хамтын тэмдгийг ашиглах

14.1.Хамтын тэмдэг эзэмшигч нь тухайн хамтын тэмдгийг ашиглахад хяналт тавих этгээд байх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын дор ашиглах эрхтэй.

14.2.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.

14.3.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

15 дугаар зүйл. Гэрчлэх тэмдгийг ашиглах

15.1.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь тухайн бараа, үйлчилгээний онцлог шинж чанарыг гэрчлэх байгууллага байх бөгөөд зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй.

15.2.Гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээд нь гэрчлэх тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр тухайн гэрчлэх тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.

15.3.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээдийн өмнөөс тухайн гэрчлэх тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

15.4.Гэрчлэх тэмдэг нь газар зүйн заалтаас бүрдсэн бөгөөд барааны гарал үүслийг гэрчилж байвал уг гэрчлэх тэмдэгт энэ хуулийн газар зүйн заалтыг хамгаалахтай холбогдсон заалт нэгэн адил хамаарна.

16 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх

16.1.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно.

16.2.Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно.

16.3.Барааны тэмдэг эзэмших эрх шилжсэн тухай төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

17 дугаар зүйл. Барааны тэмдгийг бусдад ашиглуулах

17.1.Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно. 

17.2.Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.

17.3.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

17.4.Лицензийн гэрээ байгуулагдсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

18 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрх дуусгавар болох

 18.1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

 18.1.1.барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол; 

 18.1.2.барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;

 18.1.3.барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

 18.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

18.2.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

19 дүгээр зүйл. Газар зүйн заалтын илэрхийлэгдэх хэлбэр

19.1.Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн газар зүйн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

20 дугаар зүйл. Газар зүйн заалтад тавих шаардлага

20.1.Дараахь зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй:

 20.1.1.энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй бол.

20.2. Дараахь газар зүйн заалтыг бүртгэхгүй:

 20.2.1.газар зүйн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон бол.

 21 дүгээр зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах

 21.1.Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу бичгээр гаргана.

21.2.Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

21.3.Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.

21.4.Газар зүйн заалтын мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

 21.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 21.4.2.энэ хуулийн 25.4-т заасны дагуу хураамж төлсөн тухай баримт.

21.5.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

 21.5.1.газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт;

 21.5.2.мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

 21.5.3.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 

 21.5.4.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт;

 21.5.5.тухайн газар нутгийн газар зүйн байршил;

 21.5.6.газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

 21.5.7.бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;

 21.5.8.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.

 21.6.Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

 21.6.1.тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

 21.6.2.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;

 21.6.3.гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;

 21.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

 22 дугаар зүйл.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт

 22.1.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн болохыг дараахь шинжээр тодорхойлно:

 22.1.1.бараа, бүтээгдэхүүний нэр нь газар зүйн заалтаас бүрдсэн байх;

 22.1.2.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт нь хими, физик, микробиологи, бүтцийн шинж чанарыг агуулсан байх;

 22.1.3.газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүс тодорхой байх;

 22.1.4.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүн нь тухайн газар нутгаас гарал үүсэлтэй болох нь нотлогдсон байх;

22.1.5.гарал үүсэл, хүний болон байгалийн хүчин зүйл, нутаг дэвсгэрийн онцлогтой холбогдож тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох нь нотлогдсон байх;

22.1.6.тухайн бараа, бүтээгдэхүүнийг гаргаж авах, олж авдаг нутгийн үл өөрчлөгдөх, тогтвортой аргын талаархи тайлбар.

23 дугаар зүйл.Газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

23.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

23.2.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.3.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

23.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.6.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

23.7.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24 дүгээр зүйл.Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

24.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн бүрдлийн хяналт хийж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

24.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш зургаан сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

24.3.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

24.4.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

24.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн газар зүйн заалтыг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

24.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болно.

25 дугаар зүйл.Газар зүйн заалтыг бүртгэх

25.1.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтыг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг газар зүйн заалтын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

25.2.Газар зүйн заалтын улсын бүртгэлд тухайн газар зүйн заалтын улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, газар зүйн заалт, бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр, анхдагч огноог заана.

25.3.Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.

25.4.Газар зүйн заалтын гэрчилгээ олгоход Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

25.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн газар зүйн заалт, түүний ном зүйг нийтэд мэдээлэх зорилгоор энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.


ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ

26 дугаар зүйл.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, үүрэг

26.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

26.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.

26.3.Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараахь эрх эдэлнэ:

 26.3.1.өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах;

 26.3.2.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

 26.3.3.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

 26.3.4.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл “төрлийн”, “маягийн”, “хийцийн”, “дууриамал” зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

 26.3.5.энэ хуулийн 26.3.1-26.3.4-т заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах.

26.4.Газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн бараа, бүтээгдэхүүний хувьд энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд заасан чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.

26.5.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор чанарын дотоод болон гадны хяналт хийнэ.

26.6.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

26.7.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний гадны хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага хэрэгжүүлнэ. 

26.8.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно.

27 дугаар зүйл. Газар зүйн заалты

ПАТЕНТИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Патентийн тухай хууль тогтоомж

2.1.Патентийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг;

3.1.2.“бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;

3.1.3.“ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг;

3.1.4."патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;

3.1.5."ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;

3.1.6."зохиогч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг;

3.1.7."анхдагч огноо" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад анх хүлээн авсан он, сар, өдрийг;

3.1.8."мэдүүлэг гаргагч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийн хамгаалалт хийлгэж, патент буюу гэрчилгээ авахаар мэдүүлж байгаа зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг:

3.1.9."давамгайлах огноо" гэж мэдүүлгийнхээ анхдагч огнооноос өмнө Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдрийг;

3.1.10."патент, гэрчилгээ эзэмшигч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийг;

3.1.11.”шинжээч“ гэж байгалийн болон техникийн ухааны дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий ажилтныг;

3.1.12.“төсөөтэй бүтээгдэхүүний загвар“ гэж өмнө хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай дийлэнх шинжээрээ төсөөтэй бүтээгдэхүүний загварыг;

3.1.13."лиценз" гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг бусад этгээдэд ашиглуулах болзолтойгоор өгч байгаа зөвшөөрлийг;

3.1.14.“онцгой лиценз” гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигч нь гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахгүй байх болзолтойгоор, гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулах зөвшөөрлийг;

3.1.15.“албадан лиценз” гэж үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээ болон хуульд заасан бусад нөхцөлийн дагуу зохиогч буюу эрх эзэмшигчид зохих төлбөр төлж төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусад этгээдэд ашиглуулах зөвшөөрлийг;

3.1.16.“Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай 1883 оны Парисын конвенц, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай 1960, 1999 оны Гаагийн хэлэлцээр, Патентийн хамтын ажиллагааны 1970 оны гэрээ, Шинэ бүтээлийн олон улсын ангилал тогтоох тухай 1971 оны Страссбургийн хэлэлцээр, Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай 1968 оны Локарногийн хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээр болон Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын гэрээ, хэлэлцээрийг;

3.1.17."Патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг” гэж давамгайлах огноо бүхий Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийг.

4 дүгээр зүйл. Шинэ бүтээлийн патент олгох зүйл, шалгуур

4.1.Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.

4.2.Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнийг “шинэ” гэж үзнэ.

4.3. “Шинэ бүтээлийн түвшин агуулсан” гэдэгт шинэ бүтээл нь холбогдох мэргэжлийн хүний хувьд ялгарах давуу шинж чанартайг шинжээч тогтоосон байдлыг ойлгоно.

4.4. Тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.

4.5.Шинэ бүтээлийн шинэ байдлыг техникийн түвшний хувьд тогтоохын тулд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө гаргасан мэдүүлэг болон эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын мэдээллийн баримтыг ашиглана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.6.Патентийн шинжээч энэ хуулийн 4.1-д заасан шалгуурыг тогтоохдоо Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаас шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч болно.

4.7.Дараахь зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй:

4.7.1.нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;

4.7.2.компьютерийн программ, алгоритм;

4.7.3.аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;

4.7.4.нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл;

4.7.5.хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга;

4.7.6.бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга.

4.8.Энэ хуулийн 4.2-т заасан “шинэ” гэсэн шалгуурт тухайн бүтээлийг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх нөхцөлийг хамааруулна.

4.9.Энэ хуулийн 4.7.6-д биологийн бус болон микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй.

5 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патент олгох шалгуур

5.1. Бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.

5.2.Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараахь шинж чанаруудыг харгалзан үзнэ:

5.2.1.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ;

5.2.2.бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны

бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг “өвөрмөц шинжтэй” гэж үзнэ;

5.2.3.бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна.

5.3.Тухайн бүтээгдэхүүний загварт хамаарах шийдэл нь бүтээгдэхүүний үндсэн зориулалтад хамаарах бол патент олгохгүй

5.4. Дараахь шийдлийг бүтээгдэхүүний загварт тооцохгүй:

5.4.1.төрийн сүлд, туг, далбаа, тамга, шагнал, одон тэмдэг болон гадаад орны төрийн далбаа, бэлгэ тэмдэг, олон улсын байгууллагын тэмдэг, бэлгэдэлтэй ижил, төсөөтэй загвар;

5.4.2. нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш бол;

5.4.3.бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол.

6 дугаар зүйл. Ашигтай загварын гэрчилгээ олгох зүйл, шалгуур

6.1.Ашигтай загвар нь шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.

6.2.Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг “шинэ” гэж үзнэ.

 6.3.Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.

6.4.Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ. 

 6.5.Дараахь зүйлийг ашигтай загварт тооцохгүй:

6.5.1.ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан;

 6.5.2.урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн;

 6.5.3.нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш шийдэл.

6.6.Энэ хуулийн 4.7 дахь хэсгийн заалт ашигтай загварын гэрчилгээ олгоход нэгэн адил хамаарна.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх

7 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах

7.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар бүрд тусдаа мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт нэг мэдүүлэг гаргаж болно.

7.З.Шинэ бүтээлийн мэдүүлэг нь өргөдөл болон дараахь агуулга бүхий шинэ бүтээлийн тодорхойлолт, томъёолол, товч тайлбараас бүрдэх бөгөөд шаардлагатай бол өргөдөлд холбогдох зураг, болон эрх бүхий байгууллагын магадлагааг хавсаргана:

7.3.1.шинэ бүтээлийн тодорхойлолт нь шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгод хүрэхэд тухайн шийдлийн өмнөх техник, технологийн түвшингээс онцгой ялгарах шинж чанар, хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд түүний давуу байдал болон шинэ бүтээлийг ашиглах хамгийн тохиромжтой аргыг хангалттай, бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулна;

7.3.2.шинэ бүтээлийн томъёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой байх бөгөөд нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно;

7.3.3.тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана;

7.3.4.товч тайлбар нь тухайн шинэ бүтээлийн талаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй.

 7.4.Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэх бөгөөд шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг хавсаргана.

7.5.Ашигтай загварын мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томъёолол, тайлбар, зургаас бүрдэх бөгөөд ашигтай загварын томъёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно.

7.6.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын өргөдөлд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, патент авах хүсэлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын нэрийг тусгана.

 7.7.Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

7.8.Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын тухайд хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг хавсаргана.

7.9.Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана.

7.10.Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

7.11.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэгт үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

7.12.Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно.

7.13.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

7.14.Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.15.Энэ хуулийн 7.14-т заасан хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

7.16.Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно.

7.17.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

 8 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах

8.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд мэдүүлэг нь энэ хуулийн 7 дугаар зүйл, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журамд заасан шаардлага хангасан байна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдүүлгийг уян диск болон мэдээллийн цахим хэлбэрийн бусад хэрэгслээр ирүүлж болно.

8.3.Цахим хэлбэрээр ирүүлсэн мэдүүлгийн анхдагч огноог тухайн мэдүүлэг энэ хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд шаардлагатай баримтуудыг хавсаргасан нөхцөлд хүлээн авсан холбогдох ажилтны гарын үсэг, дугаар бүхий баримтыг үндэслэн тогтооно.

8.4.Цахим хэлбэрээр ирүүлсэн мэдүүлэгтэй холбоотой шийдвэрийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим хэлбэрээр хүргүүлж, тус газрын дарга цахим гарын үсэг хэрэглэж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9 дүгээр зүйл. Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын мэдүүлэг гаргах

9.1.Монгол Улсыг нэр зааж гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын олон улсын мэдүүлгийн анхдагч огноог энэ хуулиар, эсхүл Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бүртгүүлсэн олон улсын байгууллагын бүртгэлийн огноогоор тогтооно.

9.2.Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний гаргасан олон улсын мэдүүлгийн хувьд хүлээн авагч байгууллага нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага байна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 9.3.Мэдүүлэг гаргагч олон улсын мэдүүлгийг хүлээн авагч байгууллагад гэрээнд заасан хэл дээр гаргаж, хураамж төлнө.

 9.4.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсыг нэр заасан бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэр заагдсан байгууллага болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 9.5.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шүүлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогдсон байгууллага болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.6.Сонгогдсон байгууллага нь мэдүүлэгт хийх урьдчилсан магадлан шүүлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээж авна.

9.7.Монгол Улсыг сонгосон олон улсын мэдүүлгийн хувьд мэдүүлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шүүлт хийж эхлэхээс өмнө хураамж төлнө.

9.8. оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олон улсын мэдүүлэгт хийх бүх үйл ажиллагааг холбогдох хууль, гэрээ, журмын дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох

10.1. оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 2О, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2. оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.З.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.2-т заасан мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт З сар, ашигтай загварын мэдүүлэгт 1 сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

10.5.Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

11 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийх

11.1.Мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд мөн чанарын шүүлт хийнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл, эсхүл түүнтэй мөн чанараараа ижил бүтээлд патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар гадаадын улс, олон улсын байгууллагад мэдүүлэг гаргасан тухайгаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.З.Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно.

11.4.Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана. 

 11.5.Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ хуулийн 11.9, 11.10-т заасан хугацаагаар хязгаарлагдана.

 11.6.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан тохиолдолд мэдүүлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноог анхны мэдүүлгээр тогтооно.

11.8.Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн зохиогч мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч огноог анхны мэдүүлгээр тогтооно.

11.9. оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.10.оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11.9-д заасан хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.11.Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлж зарлана.

11.12.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болох нь нотлогдоогүй, хамгаалах боломжгүй бол патент олгохоос татгалзсан шийдвэр гаргах бөгөөд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш ЗО хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентийн санд хадгална.

12 дугаар зүйл. Ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх

12.1.Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх, ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.

12.2.Ашигтай загварын мэдүүлэгт шүүлт хийхэд энэ хуулийн 11.2, 11.3-т заасныг нэгэн адил мөрдөнө

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Патент, ашигтай загварын гэрчилгээ олгох

13 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгох

13.1. Шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл патент олгохыг хойшлуулна.

13.3.Иргэн, хуулийн этгээд няцаасан нотолгоо ирүүлсэн, маргаан гарсан тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий шинжээч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор анхны шинжээчийг оролцуулалгүйгээр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тухайн маргааныг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд анхны шинжээчид гаргасан дүгнэлтээ нотлох боломж олгоно.

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно.

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.5.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлгийг нь патентийн санд хадгална.

14 дүгээр зүйл. Ашигтай загварын гэрчилгээ олгох

14.1.Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигтай загварын гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 15 дугаар зүйл. Патент, ашигтай загварын гэрчилгээний хүчинтэй байх хугацаа

 15.1.Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 2О жил, бүтээгдэхүүний загварын патент 1О жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хүчинтэй байна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн эрх

16 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогчийн эрх

16.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч дараахь эрх эдэлнэ:

16.1.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх;

16.1.2.патент, гэрчилгээ авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;

16.1.З.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартаа нэр өгөх;

16.1.4.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;

16.1.5.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

16.2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ.

16.3.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

16.4.Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент, гэрчилгээ авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

16.5.Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг тусдаа бүтээсэн бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад түрүүлж мэдүүлэг өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд эхэлж давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент, гэрчилгээ авах эрх эдэлнэ.

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.6.Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ.

16.7.Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ.

16.8.Энэ хуулийн 16.7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

16.9.Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд судлаач, түүний ажилладаг танхим, лаборатори болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага тэгш эрх эдэлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмж оруулсан/

 16.10.Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь уг оюуны өмчийн эрхийг эзэмшигч тухайн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсвийн таван хувиас хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмж оруулсан/

 17 дугаар зүйл. Патент, гэрчилгээ эзэмшигчийн эрх

 17.1.Патент, гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ.

 17.2.Патент, гэрчилгээ бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана.

 18 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах

18.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент, гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй.

18.2.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон гэрчилгээ бүхий ашигтай загварыг дараахь байдлаар ашиглавал эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй:

18.2.1.патент эзэмшигч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр бусад этгээд тус улсын зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг ашиглах;

18.2.2.эрдэм шинжилгээ, сургалт, туршилтын ажилд ашиглах;

18.2.З.тус улсын нутаг дэвсгэрт түр болон тохиолдлоор орж ирсэн бусад орны тээврийн хэрэгсэлд ашиглах;

 18.2.4. ашиг олох зорилгогүйгээр ашиглах.

 18.3. оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Энэ хуулийн 18.3-т заасан санг бүрдүүлж байгаа бүтээлийн патент эзэмших эрхийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эдэлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19 дүгээр зүйл. Лицензийн гэрээ

19.1.Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна.

19.2.Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

19.3.Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана:

19.3.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;

19.3.2.гэрээний талуудын эрх, үүрэг;

19.3.З.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;

19.3.4.гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;

19.3.5. маргаан шийдвэрлэх журам.

19.4.Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах онцгой эрхийг лицензийн гэрээний дагуу олгоно.

19.5.Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патент, гэрчилгээгээр олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

 19.6.Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.7.Энэ хуулийн 19.6-д заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

19.8.Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.9.Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

20 дугаар зүйл. Албадан лиценз хэрэглэх

20.1.Эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг сонирхогч этгээдийн хүсэлт, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр дараахь тохиолдолд албадан лицензээр ашиглаж болно:

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.1.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан ашиглах;

20.1.2.мэдүүлгийн анхдагч огнооноос хойш дөрвөн жил өнгөрсөн, эсхүл патент, гэрчилгээ олгосон огнооноос хойш 3 жилийн турш ашиглаагүй үед бүтээлийг ашиглах нөхцөл байгаагүйг эрх эзэмшигч нотолж чадаагүй бол;

20.1.3.лицензийн гэрээгээр патент олгосон бүтээлийг ашиглаж байгаа байдал нь шударга бус өрсөлдөөний шинжийг агуулсан гэж патент эзэмшигч үзвэл.

20.2.Патент, гэрчилгээ эзэмшигч албадан лиценз хэрэглэх тухай оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Албадан лиценз хэрэглэх гэрээ байгуулах нөхцөлд патент, гэрчилгээ бүхий бүтээл ашигласны төлбөрийг лиценз авагч нь патент, гэрчилгээ эзэмшигчид төлнө.

 21 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар ашиглах хуулийн этгээд болон патент эзэмшигчийн үүрэг

21.1.Хуулийн этгээд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгална.

21.2.Оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

21.3.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл. Төрийн нууцад холбогдох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд хамаарах төрийн нууцын онц чухал нууц, маш нууц зэрэглэлд хамаарах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг тагнуулын төв байгууллагад бүртгүүлсний дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий шинжээч хүлээн авч, нууц бүтээлд хайлт, шүүлт хийх эрх бүхий шинжээчид шилжүүлэн дүгнэлт гаргуулж, патент олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлт оруулсан/

22.2.Төрийн нууцад хамаарах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг хэвлэлд нийтлэхгүй.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл. Патент, лицензийн хураамж

23.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, патентийг хүчинтэй байлгах, лицензийн гэрээг бүртгүүлэх хураамжийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад төлнө.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл. Патентийн хураамж төлөх хугацаа

24.1.Патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

24.2.Патентийг хүчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

24.З.Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг энэ зүйлийн 24.2-т заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

 /Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 24.4.Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

25 дугаар зүйл. Патентийг хүчингүйд тооцох

25.1.Энэ хуульд заасныг зөрчиж патент, гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентийг хүчингүй болгоно.

25.2.Патент эзэмшихээс болон патентийн хураамж төлөхөөс татгалзсан, хураамжийг энэ хуулийн 24.З дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентийг хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.З.Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэл